АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси өнөөдөр өглөө Тайванийн парламентад зочилжээ.
Тэрбээр энэ үеэр Тайваньтай парламент хоорондын харилцааг өргөжүүлж, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх санал тавилаа. Парламентын дэд дарга Цай Цичан хариуд нь Н.Пелосиг "Тайванийн ард түмний агуу найз" хэмээн нэрлээд түүний айлчлалыг өндрөөр үнэлж буйгаа хэлжээ.
Нэнси Пелосиг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч Цай Инвэнь Тайваний хамгаалалтыг бэхжүүлж, АНУ-ын найдвартай түнш хэвээр байхаа амлав. Улмаар Тайваньд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж түүнийг “Эрх чөлөө” одонгоор шагнасан байна.
Ерөнхийлөгчийн ордонд болсон уулзалтын үеэр Нэнси Пелоси "АНУ Тайваньтай эв санааны нэгдэлтэй байх нь урьд урьдынхаас илүү чухал болж байна. Бид хамтын үнэт зүйл дээр суурилсан хөгжлийн түншлэл байгуулсан. АНУ-ын Ардчилсан нам болон Бүгд найрамдахчууд Тайванийг дэмжихээр санал нэгдсэн" хэмээжээ.