Өнгөрөгч долоо хоногт буюу долдугаар сарын 22-оос 28-ны өдрүүдэд авто замаар 5532 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 666.3 мянган тн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 10,780.0 мянган тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээг 583.8 мянган тн-оор давж 5.7 хувиар өсөв.
Дээрх хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 166 чингэлэг буюу оны эхнээс 847.0 мянган тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 15 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 500, төмөр замаар 2649 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,239.1 мянган тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 52 хувиар буурсан. Харин 7 хоногийн хугацаанд 215.3 мянган тн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өсжээ.