12 настай охин голын усанд сэрүүцэж гэж байгаад хөл алдаж живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд ээж, дүүгийнхээ хамтаар “Халх” голоос ус авч байсан бага насны хүүхэд голын усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн тухай дуудлага өчигдөр /2022.08.01/ 18:58 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 19:41 цагт ангиас гарч мөн өдрийн 21:27 цагт тухайн газарт очиж хоноглосон.
Наймдугаар сарын 02-ны 04:00 цагт тус сум дахь 12 настай А-г эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.