Аж ахуйн нэгжийн уурхайн шороо угаах төхөөрөмж байрлах хэсэгт гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн заамар суманд “Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайн шороо угаах төхөөрөмж байрлах хэсэгт гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ. Эл хэрэгт 48-52 насны 4 дөрвөн этгээдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
НЭМЭЛТ: ЭРҮҮГИЙН ХУУЛИАС 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх
1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.