Хийлч Т.Гэрэлтуяа. Тэрээр 7 настайгаасаа хойш хийл тоглосон ба "Хөгжим бүжгийн коллеж", Италийн "Дэлхийн нэгдсэн коллеж", АНУ-ын "Бостон консерватур" зэрэгт мэргэжлээрээ сурсан. Одоо АНУ-ын Чикаго хотод чөлөөт уран бүтээлч хийж мөн багшилдаг.
Ч.Гэрэлтуяа саяхан Ковид-19 халдвараас болж Азиудыг гадуурхах үзлийн эсрэг Малайз, Америк, Перу улсын хөгжимчидтэй хамтран монгол хөгжмийн зохиол онлайнаар тоглосон юм. Тэрхүү бичлэгүүд нь сошиалд тавьгдсанаас хойш олон хүнд хүрч, тэр дундаа гадаадад суугаа Монгол хүмүүст ихээхэн урам зориг өгчээ.
Хөгжимчдийн хувьд шинэ эрин мэт санагдаж байна
-Цар тахлын үед урлагийнхан, тэр дундаа хөгжимчид хэрхэн нэгдэж байна вэ?
-Цар тахал мэдээж маш муу зүйл. Гэхдээ хөгжимчдийн хувьд шинэ эрин үе шиг санагдаж байна. Учир нь одоогийн нөхцөл байдлаас шалтгаалаад артистууд нэгдэж, онлайнаар хамтран тоглох нь нэмэгдсэн. Жишээ нь, саяхан Esme Wong гэх Малайз найз маань коронавирусээс болж Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг хөгжим тоглох 14 хоногийн чалленж эхлүүлсэн. Миний хувьд чалленжийн тав дахь өдөр болон сүүлийн 14 дэх өдөр нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны "Уулын горхи", "Уран хас" зэрэг монгол хөгжмийн зохиолуудаар нэгдэж, хамтран тоглосон.
-АНУ-д ялгаварлан гадуурхалт хэр байна вэ?
-Манай Чикаго хотод Ази хүнийг буудсан, Техас мужид гэр бүлээрээ явж байсан азиудыг хүүхэдтэй нь хамт хутгаласан гээд аймшигтай хэргүүд гарч байна. Ер нь зөвхөн Америкт ч биш, дэлхий даяар азиудыг үзэн ядах үзэл их байгаа бололтой. Ялангуяа Европод нөхцөл байдал бүр хэцүү байх шиг байна лээ. Учир нь Европчууд маш үндсэрхэг хүмүүс тул азиудыг аймшигтай гадуурхаж байгаа гэж найзууд маань хэлж байсан. Тиймээс бид Азид зөвхөн вирус байдаггүй, өөр олон сайхан зүйлс байдаг гэдгийг мэдрүүлэх үүднээс Ази хөгжим тоглох чалленжид нэгдэж байна. Хоёрдугаарт, Монгол хөгжмийг огт сонсож байгаагүй хүмүүст түгээн, таниулахад нөлөө үзүүлж байгаа болов уу.
Т.Гэрэлтуяа чалленжийн тав дахь өдөр өөрийн найз, Малайзын хөгжимчин Esme Wong-ийн хамт Ж.Чулууны "Уулын горхи" зохиолыг тогложээ.
-Хамтарч тоглосон хөгжимчидөө танилцуулаач? Тэд монгол хөгжмийн зохиол тоглохыг хэрхэн хүлээж авсан бэ?
-"Уулын горхи", "Уран хас" зэргийг хамт тоглосон хөгжимчид бүгд манай найзууд байгаа юм. Esme Wong-ийн хувьд бид хоёр өмнө нь Италийн "Дэлхийн нэгдсэн коллеж"-д хамт сурч байсан. Харин 14 дэх өдөр "Уран хас"-ыг цуг тоглосон Америк, Перу улсын хөгжимчид бол Америкийн "Бостон консерватур"-т хамт надтай хамт сурч, нэг хамтлаг байсан найзууд маань байгаа юм. Би 2017 онд тэднийг ятгаад Америкт зөвхөн монгол зохиолуудаар тоглолт хийж байсан. Тэр үед хамлагийнхан маань маш уриалагхан, баяртайгаар хүлээж авсан. Тиймээс сая "Уран хас"-ыг цуг тоглосон хөгжимчид бүгд урьд нь монгол ая тоглож байсан, монгол зохиолд дурлачихсан хөгжимчид байгаа.
Америкт Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг" зохиолыг тоглоход, тэндхийн эмээ, өвөө нар уйлж байсан
Чалленжийн 14 дэх өдөр Америк, Малайз, Перу хөгжимчдийн хамт Ж.Чулууны "Уран хас" хөгжмийн зохиолыг тогложээ.
-Та бүхний хамтарсан тоглолт сошиалд тавигдсаны дараа ямар сэтгэгдлүүд ирсэн бэ? Эерэг хандлага түгээх зорилгодоо хүрч чадсан уу?
-Би хүмүүс тэгэж гоё хүлээж авна гэж бодоогүй. Над руу улс улсаас монгол хүмүүс чат бичиж, "Монголынхоо хөгжмийг дэлхий нийтэд сурталчлаад үнэхээр гоё байна" гэх зэрэг сэтгэгдлүүд маш их илгээсэн. Нэг ч муулсан, сөрөг сэтгэгдэл байгаагүй. Их гоё хүлээж авсан.
-Хөгжимчдийн хувьд өмнө нь бүгд нэг танхимд цуглаад бие биенээ мэдэрч тоглодог байсан бол энэ удаад алсын зайнаас, онлайнаар тоглоход ямар байсан бэ?
-Нэг нэгнээ хараад, мэдрээд тоглох биш, бүгд тус тусдаа бичлэг хийгээд, дараа нь түүнийгээ нийлүүлж хийсэн болохоор илүү хэцүү байсан. Гэхдээ энэ зохиолууд миний мах цусанд байдаг учраас бусад хөгжимчид маань хэрхэн тоглож байгаа нь байнга чихэнд сонсогдож байдаг. Тиймээс миний хувьд нэг их хэцүү зүйл байгаагүй. Харин бусад маань бага зэрэг хүндрэлтэй байсан гэсэн. Гол ая нь юу гэдгийг ч мэдэхгүй тоглоход хэцүү байсан гээд зарим нь хэлж байсан.
-Олон орны хөгжимчидтэй, олон зохиол тоглож үзсэн хүний хувьд монгол хөгжмийн зохиол бусдаас юугаараа онцлогтой санагддаг вэ?
-Монгол зохиол аль ч орны, ямар ч үндэсний хүнд их ойлгомжтой хүрдэг юм шиг санагддаг. Би Америкт хамтлагийнхантайгаа дан монгол хөгжмийн зохиолоор тоглолт хийж байх үедээ Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” зохиолыг тоглоход тэнд байсан Америк өвөө, эмээ нар уйлж байсан. Тиймээс монгол хөгжмийн зохиол хэн ч сонссон их сэтгэл хөдөлгөм, ойлгоход амар хөгжим шиг санагддаг.
Авьяасыг хүн бүтээж болдог
Т.Гэрэлтуяа "Бостон консерватур"-ыг төгсөөд, Чикаго хотын Civic Orchestra-т ажилласан байна. Тэрээр дээрх зургийг оркестрийн 100 жилийн ойн бэлтгэл дээр Японы хийлч Изуми Хошиногийн хамт авхуулжээ. Chicago Symphony оркестрийн тайз. 2020 оны 2-р сар.
-Ер нь хийл хөгжмийн бусад хөгжмийн зэмсгээс ялгарах онцлог мөн бусад зэмсгүүдтэй хослуулан тоглоход гүйцэтгэдэг үүрэг нь юу вэ?
-Хийл хөгжим оркестрт ч, цөөхүүл хөгжимд ч гол үүрэг гүйцэтгэдэг. Хийлийн хувьд, бид чинь уран бүтээлчид, артистууд учраас өөрийн гэсэн өвөрмөц хэл яриатай, өөрийн санаатай байж гэмээнэ бусад хөгжимчдөөс ялгарч чадна. Гэтэл Моцартын нэг аяыг тоглохоор сонголоо гэж бодоход, дэлхий даяар түүнийг тоглох хэдэн мянган хийлчид байгаа. Харин нот нь яг л адилхан, нэг нот байдаг. Тиймээс тэр зохиолыг өөр өөрөөр тоглохын тулд хийлч бүр өөрийн гэсэн санаа гаргах хэрэгтэй болдог. Миний бодлоор тэрхүү санаагаа илэрхийлэхэд хийл их амар хөгжим. Учир нь нумаараа чангаруулах, аяарсгах, зөөлрүүлэх гээд олон төрлийн өнгө, нюанс гаргаж болдог.
Харин жишээ нь, төгөлдөр хуур дээр нэг нотыг ингэж хийл шиг олон өнгөөр тоглоход хэцүү л дээ. Тиймээс хийл яг л хүний хоолой шиг санагддаг.
Хоёрдугаарт, хийл ямар ч хөгжимтэй хамтарч тоглоход зохицдог универсал хөгжим гэж боддог. Хийлтэй авцалдахгүй хөгжим байдаггүй.
-Хийл тоглож сурахад төрөлхийн авьяас, хичээл зүтгэлийн аль нь илүү шаардагдах вэ?
-Би Монголд байхдаа одоогийнхоосоо өөр бодолтой байсан. Жишээ нь, Хөгжим бүжгийн коллежид хоёр гурван өдрийн шалгаруулалтын эцэст хүүхдийг шигшиж, шилж авдаг. Байгалийн сонсголтой, байгалийн авьяастай байна уу гэдгийг нь мэдэх гэж тэр л дээ. Тиймээс тухайн үед би байгалиас авьяастай хүмүүс л хөгжим сайн тоглодог юм байна гэж ойлгодог байсан.
Харин одоо бол өөр. Авьяасыг хүн бүтээж болно. Ялангуяа хөгжимд хүн бүр авьяастай. Гол нь хөдөлмөр. Хичнээн мундаг авьяастай байлаа ч залхуу хүн бол хэзээ ч сайжрахгүй.
Монгол зохиолууд болон монгол хөгжмийн зохиолчид дэлхийн түвшинд байгаа
Т.Гэрэлтуяа. Нөхөр, хоёр хүүгийн хамт.
-Хийлч хүн тайзан дээр гарахад сандрал их байдаг байх. Сандралаасаа болоод эвгүй байдалд орж байсан хөгжилтэй түүх байдаг уу?
-Зөндөө байгаа. Би Монголд байхдаа Хөгжим бүжгийн коллежийн тайзан дээр тоглож байсан юм. Тухайн үед миний нумаа барьдаг баруун гар жоохон асуудалтай байсан болохоор хурдан хэмнэлтэй ая тоглож байтал гэнэт нум маань үзэгчдийн хэсэг рүү үсрээд алга болчихсон. (инээв.сурв) Тэгээд айхтар сандраад л, ядаж байхад тайз нь их өндөр шаттай, шатаар доошоо буугаад нумаа очиж аваад, буцаж тайз руу өгсөөд үргэлжлүүлэн тоглож байсан. Тэр л бүр хэзээ ч мартагдашгүй үе. (инээв.сурв).
-Тухайн үед хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлж байв?
-Хүмүүс шоолоогүй, “хүүе яанаа” гээд л байсан. Тэгээд би зохиолоо тоглож дуусаад тайзны ард ортол, хийл сурч байгаа жоохон охиноо дагуулсан ээж байсан. Хийл дөнгөж сурч байгаа хүүхдүүдийн хувьд гар нь их хатуу, нумаа чанга барьчихдаг асуудалтай байдаг л даа. Тэгсэн тэр ээж намайг харчихаад охиндоо “Харж байна уу, ийм мундаг байна. Гар нь ийм сул, чөлөөтэй байгаа болохоор л нумаа алдаж байгаа юм. Чам шиг чанга барихгүй байгаа биз дээ” гэж хэлсэн гэнэ лээ. (инээв. сурв). Тиймэрхүү ичмээр, инээдтэй тохиолдлууд олон болно.
-Анх "Хөгжим бүжгийн коллеж"-ийн тайзан дээр сандарч, нумаа алдаж байсан тэр үеэс хойш нилээд хугацаа өнгөрч, та одоо дэлхийн хөгжимчидтэй хамт тайзан дээр гардаг болсон байна. Олон орны уран бүтээлчидтэй хамтарч буй хүний хувьд Монголын хөгжмийн урлаг ямар шатанд байна гэж хардаг вэ?
-Монгол хөгжмийн зохиолууд болон монгол хөгжимчид дэлхийн түвшинд байгаа гэж би боддог. Жишээлбэл, надтай хамтарсан манай найзууд монгол хөгжмийн зохиолууд агуу юмаа, энэ аялгуунууд нь ямар гоё юм бэ гээд бүгд хэлдэг. Миний мэдэх залуу монгол хөгжимчид ч үнэхээр мундаг. Дэлхийн улс орнуудаар хөгжмөө тоглоод явж байгаа олон залуучууд байгаа. Харин дутагдалтай талын хувьд монгол хөгжмөө дэлхийд цацах нь жоохон сул юм шиг санагддаг. Яг л монголдоо л тоглоод байдаг. Гэтэл дэлхийд гарвал ямар амжилт үзүүлэхийг таашгүй. Зах зухаас нь тоглоод сошиалд тавихад л ийм их эерэг сэтгэгдлэл ирж байгаа юм чинь, монгол зохиолуудаар дэлхийд гарахад маш их боломжтой гэж би хардаг.
-Монголдоо хэзээ ирэх вэ? Эх орондоо ирээд юу хийж, бүтээе гэж зорьж байна?
-Ойрын хугацаанд Монголдоо буцаж очно. Сая онлайнаар орон орны найзуудтайгаа хамтарч тоглосны дараа бид хэдий биеэр хамт байхгүй ч, нийлээд юм хийж болох юм байна гэдгийг мэдлээ. Энийгээ зогсоохгүй. Мөн одоогоор монголд хараахан нэвтрээгүй хөгжмийн талбарыг хөгжүүлье гэж бодож байна. Энэ талаар дэлгэрэнгүй дурьдаад яахав.
Хоёдугаарт, гадны хөгжимчидтэй нийлж буй нэг зорилго маань монголынхоо хөгжмийг сурталчлах байгаа. Тиймээс цаашдаа орчин үед бүтээл туурвиж буй залуу хөгжмийн зохиолчидтойгоо хамтран, тэдний хөгжмийг олон хүнд сонсгож, түгээхийг хүсч байна.
- Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Х.Үүрийнтуяа (Ulaanbaatar News)