ОХУ-ын их дээд, тусгай дунд боловсролын сургуулийн зарим оюутнуудаас “сургалтын визийн хугацаа энэ оны наймдугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа. Хэрхэн сунгуулах вэ?” гэсэн асуултыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яаманд хандан тавьж буй тул дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна.
Визийн хугацаа дуусахаас 30-40 хоногийн өмнө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн сургуулийнхаа гадаадын оюутан, иргэний шилжилт хөдөлгөөн, бүртгэл хариуцсан нэгж, албан тушаалтанд хаана оршиж байгаагаасаа үл хамааран визийн сунгалт хийлгэх мэдүүлгийг гаргах учиртай.
Бүрдүүлэх бичиг баримтын төрөл, мэдүүлэх хугацаа, визийн давтамж (нэг удаагийн, олон удаагийн гэх мэт) зэрэг нь тухайн суралцагчийн онцлог байдал (хэлний бэлтгэл курс төгссөн, өөр хот, сургууль руу шилжсэн, жилийн чөлөө авсан, шинэ паспорттой болсон зэрэг)-аас хамааран ялгаатай байдаг. Тиймээс гагцхүү сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтанд биечлэн болон цахимаар хандаж, өгсөн заавар, шаардлагыг цаг хугацаанд нь ягштал биелүүлэхийг зөвлөж байна.
Хэрэв танд сургалтын визийн урилга, визтэй холбоотой ямар нэгэн асуулт, эргэлзээ байгаа бол сургуулийнхаа энэ асуудлыг гардан хариуцаж, хэрэгжүүлдэг ажилтан, нэгжид хандахыг онцгойлон дахин анхааруулъя.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд