Өнөөдөр ЗХЖШ-ын газраас амиа алдсан цэрэг, Ховд аймгийн 123-р цэргийн ангид гарсан сүрьеэ өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр Зэвсэгт хүчний эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Сүхбаатар "Зэвсэгт хүчний 123-р ангид хамгийн анх гуравдугаар сард сүрьеэгийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Тухайн алба хаагч нь цэргийн ангид ирэхээсээ өмнө үеэлтэйгээ амьдардаг байсан бөгөөд үеэл нь уушгины архаг сүрьеэтэй байсан нь тархвар судалгааны үеэр тогтоогдсон. Нууц үе дээрээ байхдаа цэргийн албанд татагдсан гэсэн үг.
Энэхүү өвчин нь дотоод болон гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр тархдаг халдварт өвчин. Мөн нас баралт өндөртэй өвчинд тооцогддог. 4,5,6 дугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношилгооны төв, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-тэй хамтран гурван удаа тандалтын ажил хийсэн. Хамгийн сүүлийн тандалтын ажлын үеэр нууц үедээ явж байгаа 24 сүрьеэгийн тохиолдол оношлогдсон. Сүрьеэгийн халдварын ойролцоо байсан бүх хүнийг эмчилгээнд хамруулах шаардлагатай байдаг. Бид цаашдаа наймдугаар сарын 15-нд дахин тандалт судалгаа хийнэ гэж төлөвлөж байна" гэв.