Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага бүртгэгджээ.
Ослын улмаас бэртсэн долоон хүний гурав нь, амь хохирсон дөрвөн хүний нэг нь хүүхэд байв. Гэмтсэн хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар бэртжээ. Нэг хүүхэд машины тэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон байна.
Амралтын өдрүүдэд хүн гэмтсэн нийт 11 осол хэрэг бүртгэгдсэний зургаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй мотоцикл жолоодсонтой холбоотой байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашины урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байж зориулалтын суудалд тээвэрлэх, хэрэв хүүхдийн өндөр 140 сантиметрээс дээш бол суудлын бүсийг зүүлгэж аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.