Цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр яаралтай барих, мөн цэвэрлэх байгууламжид орсон нэг их наядын санхүүжилт хэрхэн зарцуулагдсан талаар хяналт шалгалт хийхийг шаардаж иргэн О.Энхмаа Улсын Ерөнхий Прокурорын Газрын гадна мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар нэг их наядын санхүүжилтийг БНХАУ-аас авч байсан. Энэ ажил хэдэн хувийн биелэлттэй байгааг шалгуулахаар 2020 оны есдүгээр сарын 24-нд АТГ-т гомдол гаргасан. Улмаар хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэсэн ч Нийслэлийн Прокурорын Ерөнхий Газраас хэргийг хаасан.
Ард иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Гэвч өнөөдөр Улаанбаатар хотын дөрвөн зүг, найман зовхист цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртсээр байгаа. Эмч хүний хувьд хэлэхэд, энэ нь ард түмний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, цаашилбал өвчин эмгэгийн гол үндэс болж байгааг үгүйсгэхгүй.
Ковидын үед гадаадаас 2.6 их наяд төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Энэ санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар шалгуулахаар АТГ-т хандаж, хэрэг үүсгэсэн. Харамсалтай нь НПЕГ-аас дахин үндэслэлгүй хэмээн хаасан.
Засгийн газрын 10 дугаар байрны 6.7 тэрбум төгрөгийг төрийн өмчийн хорооноос хууль бусаар өөр данс руу шилжсэн хэргийг сэргээх мөн 2020 оны есдүгээр сард цэвэрлэх байгууламжид орсон нэг их наядын санхүүжилт хэрхэн зарцуулагдсан талаар шалгалт хийхийг шаардаж байна" гэв.