Улс үндэстнүүдийн өөрийн орны урлаг, өв соёл, онцлогийг олон улсад сурталчилах зорилготой "Колорфул фестиваль" олон улсын бүжгийн наадам БНСУ-ын Тэгү хотод 32 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү наадамд Монгол Улсын баг, уран бүтээлчид хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд хоёрхон жил оролцсон гэхэд тун амжилттай байгааг зохион байгуулагчид онцолж байв.
Гэхдээ уг фестиваль нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, хоёр жил завсарласан учир улс орнууд энэ удаагийн тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч оролцож байлаа.
Манай улсын хувьд ковидын нөхцөл байдлын дараа Засгийн газрын Шинэ сэргэлтэд Япон, Солонгосын жуулчдыг ихээхэн татна хэмээн тооцоолж буй. Олон улсын бүжгийн наадам бол аялал жуулчлалын гол цөм байдаг. Тухайн урлаг, өв соёл нь тус улс руу аялах, зорчих сэдэл, шийдлийг төрүүлж байдаг. Тиймээс БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ чиглэлд ихээхэн анхаарч, дэмжлэг үзүүлэн, тоглолттой холбоотой үндэсний, урлагийн нүсэр ачаа тээшийг БНСУ руу хүргэх мэт бодлогын ажилд туслалцаа үзүүлжээ. Харин тус фестивальд дэд сайд тэргүүтэй төлөөллүүдийг явуулж оролцуулах шийдвэрийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гаргасан боловч эл хугацаа нь Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхацсан юм.
Монголын баг, уран бүтээлчид уг фестивальд оролцоход Монголын талын дэмжлэгээс гадна БНСУ-ын дэмжлэг ихээхэн байдаг аж. Тодруулбал, "Солонгос-Монголын соёл, эдийн засгийн төв”-ийн захирал ноён Нам Сан Тэ хоёр улсын соёл, эдийн засгийн харилцааны өсөлтөд санаачилгатай ажиллаж, Монголын багийн тоглолтыг санаачлан, санхүүжүүлдэг байна.
Энэ удаагийн фестивальд Монголын нийт 110 гаруй уран бүтээлч буюу Монголоос "Түмэн эх чуулга", "Морьтон цирк" зэрэг 25 уран бүтээлч, харин үлдсэн 85 нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй мэргэжлийн уран бүтээлч, иргэд оролцсоноороо онцлог аж. Уран бүтээлчдийг Төрийн соёрхолт Б.Наранбаатарын чиглүүлэг дор түүний шавь, БНСУ-д Кино нэвтрүүлгийн найруулагч мэргэшлээр магистр төгссөн, хөгжимт театрын жүжигчин Б.Алунгоо найруулан оролцжээ. Үзүүлбэрээрээ Монгол Улсын бахархал өв соёл, онцлогийг харуулсан морьтой үзүүлбэр, уртын дуу, цирк, уран нугаралт, хөөмий, цам, галын наадам зэргийг 5 минутад багтаан харуулахыг зорьжээ.
Монгол Улс гэж ямар улс, үндэстэн байдаг вэ гэдгийг олон улсад харуулсан томоохон баг бүрэлдэхүүнтэй үзүүлбэрийг төв гудамжаар цуцалгүй ур чадвартайгаар тоглон үзүүлж, шилдэг арван багийн нэгээр шалгарсан юм. Улмаар фестивалийн гурав дахь өдөр шилдэг арван баг дахин тоглолт хийж, дэд байр Монгол Улсын “Чингисийн Монгол” тоглолт шалгарч мөнгөн шагнал гардав.
Б.Алунгоо: Бид энэ фестивалийг байлдан дагуулахыг бэлэгшээж багаа "Чингисийн Монгол" хэмээн нэрийдсэн
Хөгжимт театрын жүжигчин Б.Алунгоо "2019 онд "Солонгос-Монголын соёл, эдийн засгийн төв” байгуулагдсан. Энэ төвөөс "БНСУ-д хот хотын нэрэмжит фестивалиуд болдог. Тэгү хотын хувьд соёл урлагийн олон улсын фестиваль болдог. Энэ фестивальд Монголын уран бүтээлчид оролцооч" гэдэг санал тавьсан. 2022 оны хувьд 8 улсын 4000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа. Манай улсын хувьд 110 хүний бүрэлдэхүүнтэй буюу маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон.
Энэ удаагийн фестивалийн онцлог нь өөрсдийн орны соёл урлаг, ёс заншлыг танилцуулах нь чухал. Мэдээж 5 минутад багтаан, соёл урлаг, ёс заншлаа багтаана гэдэг тун хэцүү. Гэхдээ бид 5 минутад багтаан морины гайхамшиг, уртын дууны уянгат хоолой, цам, монгол бүжиг, галын наадам, цирк зэргээ багтааж чадсан. Ерөнхий найруулагчаар миний бие ажилласан. Хөгжмийн зохиолчоор "Нэгүүн" студийн А.Одбаяр /Оки/ ах маань ажилласан.
Соёл урлагаа сурталчилсанаар Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа болов уу гэж бодож байна. Тиймээс БОАЖЯ болон бусад дэмжлэг үзүүлэн ажилласан төрийн байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Төрийн байгууллагын дэмжлэг байгаагүй бол бид цамын урлагийн гайхамшгаа олон улсад харуулах боломжгүй байлаа.
Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан. Тиймээс бид энэ фестивалийг байлдан дагуулахыг бэлэгшээж, багаа "Чингисийн Монгол" хэмээн нэрийдсэн" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
БНСУ-ын ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөл С.Номинчимэг "Монголчууд уг фестивальд жил бүр амжилттай оролцдог. Энэ удаагийнхад монголчууд маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон. Бид монголынхоо үндэсний гэсэн бүх хэв шинж, соёлыг харуулахыг зорьсон. Миний хувьд монгол хувцасны гайхамшгийг харуулж оролцсон. БНСУ-д сурч байгаа сурагчид ч оролцсон" гэлээ.
"Түмэн эх чуулга"-ын гоцлол дуучин МУСТА С.Нэргүй "Орон орны онцлог өв, соёлыг харуулсан фестиваль байлаа. Бид ч бас монголынхоо өв соёлыг бүгдийг нь харуулахыг хичээсэн. Манай улс шиг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, өв соёлоо цогцоор нь харуулж байгаа баг ховор байх шиг байна. Морьныхон маань маш чадварлаг байна. Энэ ирээд хоёрхон цагийн өмнө л морь аваад унаад л гарч байна. Морьтой монгол гэдгээ харуулж чадлаа. Циркийн галтай үзүүлбэр огшоолоо. Улаанжамсран, улаан сахиус, цагаан өвгөн зэрэг цамын үзүүлбэрээ ч үзүүлж чадлаа. Залуучууд үнэхээр мундаг болсон байна. Энэ сайхан фестивальд энэ олон хүнийг бэлтгээд, мэргэжлийн түвшинд оролцож байгаад бахархаж суулаа" хэмээсэн юм.
Сануулахад, 10 гаруй улс орны, 80 гаруй баг хамтлагийн 4000 гаруй бүжигчин тоглогч хамрагддаг энэхүү фестивальд 2019 онд “Солонгос-Монголын соёл, эдийн засгийн төв”-ийн захирал ноён Нам Сан Тэ Монгол Улсын гэж нэрлэгдэх багийг бэлтгэн зохион байгуулж оролцуулан зургадугаар байр эзэлж байжээ.
"Чингисийн Монгол" баг, уран бүтээлчдийн үзүүлбэр...