Нийслэлийн хүн, амын дунд тулгамддаг нэг асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Иймдээ ч энэ оноос нийслэлд хамран сургах тойргийг дахин төлөвлөж байгаа талаар салбар яамнаас мэдээлсэн. Мөн БШУЯ-наас хувийн цэцэрлэгүүдийг сүлжээ цэцэрлэг байгуулбал хувьсах зардал, багш боловсон хүчнээр хангах боломжтой гэдгээ мэдэгдээд буй юм.
Үүний хүрээнд зарим цэцэрлэгүүд салбар цэцэрлэгүүдийг байгуулж эхэлсэн аж. Тухайлбал, “Мандах нар” цэцэрлэг Баянзүрх дүүрэгт 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг 3 бүлэгт 50 хүүхдийг 280 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулдаг байжээ. Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон, хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох болсонтой холбоотойгоор хамран сургах тойргийнхоо 20 хүүхдийг нэмэлтээр хүлээн авч энэ хичээлийн жилд 70 хүүхдийг сургах гэж байна.