Дэлхий дахинд хүннү рок урсгалаар шинэ салхи сэвэлзүүлж, олон улсын тавцанд соёлын довтолгоо эхлүүлэхээр нэгдсэнээс хойш ТЭД зургаан жилийг ардаа орхижээ. Өнөөдөр тэднийг монголчууд гэлтгүй дэлхий нийт анзаарч, уран бүтээлийг нь шимтэн сонсож, даган дуулж байна. Энэ бол The Hu хамтлаг. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлүүлсэн АНУ-ыг тойрсон аялан тоглолтоо дуусгаад эх орондоо ирээд буй энэ цаг үед тэднийг 2022 оны Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналаар шагнасан билээ. Тиймээс уран бүтээл, үзэл баримтлалаараа цаг үеэ байлдан дагуулж буй The HU хамтлагийг энэ удаагийн UBN STORY буландаа онцолсоноо хүргэе.
-Аялан тоглолт, уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлүүлье. АНУ дахь аялан тоглолт хэдий хэр хугацаанд үргэлжилсэн бэ?
-Хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондог: 2022 оныг "Хар аянга" аялан тоглолтоороо эхлүүллээ. Нийт хоёр сарын хугацаанд АНУ-ыг хотуудаар аялан тоглолт хийж дууслаа. Эх орондоо ирээд шинэ цомгийнхоо нээлтийн ажилд бэлтгэлд орсон. Долоодугаар сарын 25-наас эхлэн “Хар аянга” нэртэй хоёр дахь аялан тоглолтоо хийнэ. Ингэхдээ Азийн орнууд, Австрали, Шинэ Зеланд болон Европын орнуудаар нийт таван сарын хугацаанд аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа.
-Хамгийн сүүлийн тоглолтоо Мексикт хийсэн. Хойд Америкт анх удаа очсон нь энэ байв уу?
-Тийм ээ. Анх удаа очсон.
-Тоглолтын уур амьсгал хэр байв. Сонсогч фенүүдийн хүлээлт өндөр байсан байх?
-Хамтлагийн гишүүн Г.Нямжанцан: Маш сайхан байсан. Мексикээс сонсогч фенүүд маань маш их холбогддог. Хүслийг нь биелүүлсэн мэт Мексикт тоглоод ирлээ. Хөгжмийг ойлгох мэдрэмж нь өөр байсан гэж би харсан. Хөгжөөн дэмжээд сурчихсан хүмүүс байна лээ. Хөл бөмбөг үзэж байгаа юм шиг л... Бараг л бид нарыг тайзнаас буулгахгүй шинжтэй байсан шүү.
-Хоёр дахь аялан тоглолтоо яг аль улсаас эхлүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Дараагийн аялан тоглолтоо Япон улсаас эхлүүлнэ. Мөн Японы рок урсгалын хамгийн том хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөсөн. Сэтгэгдэл ч өндөр байна. Биднийг ярилцлага өгч байхад "Roll stone" сэтгүүлийн сэтгүүлч "Монголчууд Япон руу XIII зуунд нэг довтолсноос хойш одоо “байлдан эзлэхээр” Японд дахин буух нь" гэж хэлж байсан. Японд болох тоглолтын хүлээлт өндөр байгаа.
-Эх орон, ард түмнийхээ нэрийг сайнаар дуудуулж явна гэдэг хүн болж төрсний утга учир-
-Мэдээж "The Hu" хамтлагийг монгол өв соёл, түүхийг дэлхийд сурталчилан таниулах чиглэлд соёлын довтолгоог эхлүүлж чадсан хэмээн олон нийт үнэлж байна. Энэ утгаараа хамтлагийн нэгэн эд, эс болж, хамтын хичээл зүтгэлээр өнөөдрийн хамтлагийг бүтээсний хувьд та бүхэн ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
-Хамтлагийн гишүүн Б.Энхсайхан: Эх орон, ард түмнийхээ нэрийг сайнаар дуудуулж явна гэдэг хүн болж төрсний утга учир, зорилго байх гэж бодож явдаг. Бид бол өвөг дээдсээс өвлүүлсэн үнэлж баршгүй үнэт соёлын төлөөлөгчид. Харийн нутагт хийж буй уран бүтээл, тоглож буй хөгжмийн авиа айзмаар хайрыг түгээж байна гэсэн үг шүү дээ. Дэлхий нийтэд өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг түгээн таниулж яваа минь нэр төрийн хэрэг гэж бодож байна.
-Дэлхийн рок поп хөгжмийн босго өндөр. Хамтлаг дэлхийд хэрхэн хүрч чадав гэдэг хүн бүрийг анхаарлыг татсаар ирсэн гол зүйл. Үүнд та бүхний хийж буй уран бүтээлээс гадна хамтран ажиллаж буй хөгжмийн томоохон компани, менежмент их нөлөөлдөг болов уу гэж харж байна?
-Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Бидний ар талд гаднын олон энтертайнмент компани ажиллаж байгаа. Энэ хэрээр олон хүний хүч хөдөлмөр орсон гэсэн үг. Гаднын зах зээлд гарахын тулд тухайн хүмүүстэй ажиллаж байж бид урагшилж байгаа. Хамгийн гол нь, нөгөө талдаа тухайн компани, хүмүүс манай хамтлагтай ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байж, энэ хэрээр хамтын ажиллагаа маань сайн болж чаддаг.
-Биднийг дэлхий Чингис хаанаар мэддэг. Одоо "The Hu" хамтлагаар таньдаг болж байна-
-Асуулгүй өнгөрөөж болохгүй байх. 2019 онд танай хамтлагийг Чингис хаан одонгоор шагнасан. Нэр хүндтэй басхүү чухал хариуцлага хүлээлгэсэн эл шагналыг хүртэж байсан үеийн сэтгэгдлийг сонсох нь зөв байх?
-Хамтлагийн гишүүн Г.Нямжанцан: Төрийн тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор бид бүхнийг шагнасан. Биднийг дэлхийд Чингис хаанаар мэддэг. Одоо Hu хамтлагаар таньдаг болж байгаа. Өндөр өвөг дээдсийнхээ нэрэмжит шагналыг хүртэх болсондоо хамтлагийн бүх гишүүд маань маш их баярлаж хүлээж авсан. Тоглолттой байхдаа энэ талаар сонсоод хоолой зангирч байсан. Тухайн үеийн мэдрэмжийг үгээр хэлшгүй, маш сайхан байсан. Төр засаг, түмэн олондоо маш их баярлаж байгаа. Итгэлийг нь алдахгүйн тулд та бүхэнд уран бүтээл, хичээл зүтгэлээрээ хариу барих болно гэж хэлмээр байна.
-The Hu бол Монгол улсыг дэлхийд гарахад нь “мөс зүсэгч” болж яваа хамтлаг-
-Хүннү рок урсгал, уран бүтээлийн цар хүрээ зэргээс харвал уран бүтээл бүрийн цаана маш нарийн судалгаа хийгддэг болов уу гэж харагддаг?
-Хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондог: Үндэсний хэв маягаар дуулж байсан хамтлаг, уран бүтээлчид олон бий. Хийгээгүй биш хийж л байсан. Тэр дундаас зөв өнцөг, юуг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг олж харна гэдэг бас өөр хувилбар. Ингэхэд маш их судалгаа, цаг хугацаа шаардана.
Нөгөөтээгүүр, уран бүтээл хийнэ гэдэг үзэгч сонсогчдод их амар мэт харагдаж болно. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд маш их хөдөлмөр, хүч, энерги зарцуулагдсан зүйл шүү дээ. Тиймээс тухайн уран бүтээлийг зохиосон, хийхэд оролцсон хүмүүсийн хувьд үнэт эрдэнэ байдаг. Нэг ёсондоо төрсөн хүүхэд нь л гэсэн үг.
Иймдээ ч уран бүтээлчид тухайн дуундаа хайртай, дуртай байдаг. Хийж буй уран бүтээлийг нь дэлхий хайж сонсоод, баярлаж түүнийг дахин дахин сонсохыг хүсэж байна гэдэг өөрөө бүр илүү аз жаргал.
-The HU хамтлагийн бүтээхээр зорьж буй гол үнэ цэн?
-Эх орон, ард түмэн, өв соёлоо дэлхийд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, зөвөөр ойлгуулахаас авхуулаад ач холбогдол их. Бидний өвөг дээдсийг олон жил харлуулж, буруугаар ойлгож ирсэн түүх олон бий. Ийм ч учраас түүхийг зөв болгож, үнэнээр нь гаргаж ирнэ гэдэг маш чухал. Монгол өв соёлоо дэлхий дахинд гаргана гэдэг маш том үйл хэрэг гэж хардаг.
-"The HU" хамтлагаар дамжуулан маш олон залуус итгэл өвөртөлж байгаа байх гэж бодож байна. Ер нь Монгол залуус дэлхийд гарах нөөц бололцоо, боломж нь хэр байна гэж та харж байна?
-Юуг хийж, гаргаж ирэхээс шалтгаалах байх. Мэдээж боломж нь бий. Гэхдээ ижил төстэй зүйл биш, тухайн зүйлийнхээ сонирхолтой шинэ хувилбарыг гаргаж ирэх нь чухал. Түүнээс биш бие биенийгээ дуурайсан байх нь хүнд сонин биш.
Би хувьдаа бодохдоо, "The Hu" бол Монгол улсыг дэлхийд гарахад нь “мөс зүсэгч” болж яваа хамтлаг. Залуус, уран бүтээлүүд маань. Энэ зүсэж буй мөсний араас дэлхий тэр чигтээ Монголыг анзаарч, харж эхэлж байна.
Энэ чиглэлээр аялал жуулчлал нэмэгдэж, бизнесийн салбарынхан маань дахин өөр түвшинд гарч ирнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Монголдоо маш их хөрөнгө оруулалтуудыг авч ирнэ гэж бид харж байгаа. Харин шүүрч авахдаа оюун санаагаа бэлэн байлгаж, хөгжлөө сайжруулах ёстой болов уу. Тийм ч учраас "The Hu" хамтлаг мөсийг нь зүсээд замыг нь гаргаад алхаж байгаа. Үүний араас маш олон залуус өөрсдийн салбар салбартаа хийж бүтээснээрээ дэлхийд гарч чадна гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.