Баяр наадмын өдрүүд ирж байгаатай холбогдуулан иргэдэд яаралтай тусламж эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн дарга Б. Бямбадорж:
"Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод дүүргийн болон өрхийн ЭМ-ийн төвүүдэд 9732 үзлэг хийгдэж байсан. 9269 түргэн тусламжын дуудлага бүртгэгдсэн. Энэ жилийн баяр наадам удаан хугацаагаар үргэлжилж байгаа. Мөн цар тахлын нөхцөл байдал тасраагүй байгаа учраас эмнэлгийн байгууллага Хүй долоон худаг, Цэнгэлдэх хүрээлэнд хөдөлгөөнт болон 24 цагийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллана. Дээрээс нь ковидын үеийн вакцинжуулалт , шинжилгээг тасралтгүй байдлаар хангах чиглэлийн үйл ажиллагааг явуулна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, постерийг цахим хуудсанд байршуулж иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал наршилтаас сэргийлэх, усанд осолдсон үеийн эмнэлгийн анхны тусламж, хоолны хордлого, харшил, гэмтэл ослоос сэргийлэх мэдээлэл бий. Үүнээс хамгийн онцлох мэдээлэл бол өндөр градустай архи, айраг, хорхогыг нэгэн зэрэг хэрэглэвэл нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй болж гэмтээдэг учир уламжлалт байдлаар хэрэглэдэг хорхогоосоо татгалзахыг зөвлөж байна.
Наадмын үеэр ковидын халдварыг илрүүлэх 3 цэг ажиллана. Хүй долоон худаг дээр 2 цэг, Сүхбаатрын талбай дээр 1 цэг ажиллана. Бусад цэгүүд амарна. Мөн дархлаажуулалтын 2 цэг ажиллана. Өдөр бүр Сүхбаатрын талбайн урд талд, Шангри-Ла төв дотор 1 цэг нь ажиллана. 9 Дүүргийн Эрүүл мэндийн төв дээр төрөлжсөн мэргэжлийн кабинет ажиллана. Мөн 128 өрхийн ЭМ-ийн төв дээр жижүүрийн эмч , сувилагч нар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлнэ" хэмээв.