Баяр наадмын өдрүүд ирж байгаатай холбогдуулан иргэдэд гарч болзошгүй аюул осол гэмтлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамжын талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга Б.Батзориг:
"Жил бүрийн дулааны улиралд иргэд амралт зугаалганд явдаг энэ үеүүдээр Цагдаагийн байгууллагад ирдэг ихэнх дуудлага бол хулгайн гэмт хэрэг байдаг. Өдөрт дунджаар 10 орчим орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгддэг бол яг баяр наадмын үеэр хулгайн гэмт хэрэг 30 орчим хувь болж 3 дахин өсдөг. Энэ тоо мэдээлэл бол 7,8 сарын үеүүдэд бүртгэгддэг. Хэрэв та гэрээ олон хоногоор эзэнгүй орхиж байгаа бол хөрш айл, ах дүү, хамгийн ойрын таньж мэддэг хүмүүсдээ сайн хэлж захиж анхааруулах хэрэгтэй. Мөн иргэд хаана явж буйгаа цахим орчинд тавьдаг. Ингэснээр хулгайн гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй хүмүүс энэ цаг хугацааг нь ашиглаж гэмт хэрэг үйлддэг.
Мөн жил бүрийн баяр наадмаар дунджаар 150 орчим хүүхэд эцэг эхээсээ төөрлөө гэх харамсалтай мэдээлэл бүртгэгддэг. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагад бага насны хүүхдэд зориулсан нэг удаагийн эцэг эхийн утасны дугаар бүхий цаасан бугуйвчыг зүүлгэх арга хэмжээг зохион байгуулна.
Он гарснаар Цагдаагийн байгууллагад 1400 орчим хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон мэдээлэл байна. Ялангуяа зуны улирал эхэлсэнтэй холбоотой хурдан мориноос унасан, гэмтсэн, нас барсан, 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол гэх мэтчилэн осол гэмтлүүд бүртгэгдсээр байна. Энэ нь хүүхдэд тавих анхаарал хяналтаа эцэг эхчүүд маань амрах зугаалах үедээ анхаарлаа сулруулж буйтай холбоотой юм. Гол усны түвшин нэмэгдэж байгааг иргэд анхааралдаа авч ухамсарлах хэрэгтэй байна. Түүнчлэн Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон , Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагууд 3500 албан хаагч өдрийн 24цагаар үүрэг гүйцэтгэнэ" хэмээв.
Баяр наадмын үеэр эцэг эхчүүд олон хүнтэй газраар бага насны хүүхдээ гараас нь хөтөлж явах, анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.