Хавдар судлалын үндэсний төв 2019 онд шугаман уртасгуурын аппаратыг нэвтрүүлж 3 жилийн хугацаанд шинэ технологиудаар баяжуулж 20 жилийн хоцрогдлыг арилгасан IMRT, VMAT гэх технологийг нэгэн зэрэг нэвтрүүлжээ.
Ингэснээр өмнө нь хорт хавдрын туяа цацрагийн эмчилгээ нь 2D технологоор хийгддэг байсан бөгөөд эмчилгээний явцад эрүүл эд эсийг гэмтээдгээрээ аюултай байсан. Энэхүү шинэ эмчилгээ нь 3D технологи учир хавдрыг эмчилж байх явцдаа эрүүл эд эсийг гэмтээлгүй эмчлэх мөн эмчилгээний дараах хүндрэл зовиур бага болох юм.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "2019 онд орсон энэ аппаратны тусламжтайгаар орчин үе рүү шилжиж байна. Энэ технологийг ашигласнаараа өвчтөний амьдрах хугацаа уртсах, яг хавдрын цэг дээр очиж эмчилгээ хийж шинэ технологийн салбар руу шилжиж орж байна гэсэн үг" гэлээ.
Энэхүү цацрагийн эмчилгээ нь эсийн түвшин буюу ДНК түвшинд хүрч үйлчилнэ. Хавдрыг идэвхжүүлээд 4, 8 цацрагаар тусаж эмчилнэ. Цацраг гэх зүйл нь хүний биеийг эмчилж байх явцдаа таарсан хүний бүх эд эсийг гэмтээдэг байсан бол энэхүү шинэ технологи нь аль нь жирийн эс аль хавдрын эс байна гэдгийг ялгадгаараа онцлог гэдгийг ХСҮТ -ийн туяа цацрагийн ахлах физикч Б.Энхцэцэг хэллээ.
Энэхүү шинэ технологиор одоогийн байдлаар нийт 11 хүн эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд бүх зардал ХСҮТ-ээс гарч байгаа. Зарим улс оронд энэ эмчилгээний нэг удаагийн зардал нь 4000-5000 доллар байдаг. ХСҮТ нийгмийн даатгалын санд хамрагдуулж иргэдэд үнэ төлбөргүй уг аппаратанд оруулахаар өртөг материалаа явуулсан байгаа талаар ХСҮТ-ийн захирал Н. Эрдэнэхүү мэдээллээ .