Наадам хаяанд хэдийнэ ирж. Улсын наадамдаа зориулж сойсон хэдийгээ дагуулаад ирээд эхэлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нэг жилээр хойшилсон үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зөвхөн уяач гэлтгүй унаач хэдэн хүүхдүүд нь ч хоног тоолон хүлээж байгаа нь дамжиггүй.
Гэвч өнгөрсөн хугацаанд унаач хүүхдүүд унаж бэртсэн, амиа алдсан хэд хэдэн тохиолдлууд гарлаа. Үүнтэй холбоотойгоор хүүхдээрээ хурдан морь унуулах эцэг, эхчүүдийн тоо ч багасчээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасанчлан унаач хүүхэд, уяач, эцэг, эх асран хамгаалагчийн гурвалсан гэрээг байгуулдаг. Гэтэл эцэг, эх нь зөвшөөрөхгүй нөхцлөөс үүдэн уяач нар нь гурвалсан гэрээгээ ч "үзэглэж" чадахгүй яваа. Энэ л уяач нарын хувьд асуудал болж байгаа аж.
Хурдан морь унуулахаар мордуулсан ч амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд гарсаар байгаа цагт эцэг, эх бүр эл асуудалд эмзэг хандан нь ойлгомжтой. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаараа хурдан морь унаач хүүхдийн эрх, түүнийг хамгаалах ёстой мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо, уралдааны үеэр өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, стандарт зэрэг асуудлыг хөндлөө.
-Он гарсаар хурдан морины уралдааны үеэр есөн хүүхэд унаж бэртсэний нэг нь амиа алдсан-
Он гарсаар хурдан морины нийт 82 уралдаан зохион байгуулагдсан байна. Уралдаанд 36471 хүүхэд оролцсоноос есөн хүүхэд унаж бэртжээ. Тэдгээрээс таван хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэл авч, харин нэг хүүхэд эндсэн байна.
Өнгөрөгч онд улсын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй гурван бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсан ба нийт 32657 унаач хүүхэд оролцжээ. Ингэхдээ тэднээс 48 хүүхэд мориноос унаж, 11 нь хүнд, хөнгөн зэргийн бэртэл авсан аж. Энэ тоо 0 болоогүй цагт унаач хүүхдийн эрх ашиг, учирч болох эрсдлээс хэрхэн сэргийлэх тал дээр мэргэжлийн байгууллагууд нь анхаарлаа хандуулсаар байх нь зөв.
-Тэгвэл хурдан морь унаач хүүхдийн асуудалд мэргэжлийн албад ямар БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ-
ГБХЗХГ: Унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгалд хамруулж, эрсдлийн нөхөн олговор нь 20 сая байхаар тогтсон байдаг
Хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах цаашилбал үндэсний баяр наадмын үеэр даатгалын компаниудтай ямар байдлаар хамтран ажилладаг талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүүгээс тодрууллаа.
-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жилийн хувьд ГБХЗХГ-ын зүгээс хурдан морь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Үндэсний баяр наадам зохион байгуулах комисст манай агентлагийн дарга оролцдог. Мөн хурдан морины уралдааны салбар комисст манай байгууллагаас төлөөлөл оролцож, хурдан морины уралдааны үед хүүхдийг хэрхэн эрсдлээс урьдчилан сэргийлэх, хэрхэн бүртгэлд хамруулах зэрэг ажлууд дээр наадмын үеэр зохион байгуулалтад оролцож буй байгууллага, уяач, унаач хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөмж мэдээллээ өгөөд бүх ажил жигдэрчихсэн явж байна.
-Хурдан морины уралдааны бүртгэл хэзээнээс эхлэх вэ?
-Улсын баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг энэ сарын 8-ны өдрөөс эхэлж хийнэ. Долдугаар сарын 6,7 гэхэд бүх л бэлтгэл ажил хангагдсан байна. Ийнхүү бүртгэл хийгдэж дууссаны дараагаар долдугаар сарын 10-наас наадам эхэлнэ.
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн жил үндэсний их баяр наадам хойшилсон. Баяр наадмын тухай хуульд ч тодорхой өөрчлөлтүүд ороод байгаа. Үүнтэй холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал, түүнд тавих шаардлага, даатгал хийх компаниуд зэрэгт өөрчлөлт орсон зүйл бий юу?
-Хурдан морь унаач хүүхдийн эрсдлийн даатгалын бүтээгдэхүүний талаар саналаа Санхүүгийн Зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүний дагуу сүүлийн таван жилийн хугацаанд 11 даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд 21 аймаг есөн дүүргээр дамжуулан даатгалын компаниуд мөн уяачдын холбоодод холбогдох мэдээллүүдийг хүргэсэн. Нэг хүүхдийг 100 мянган төгрөгийн даатгалд хамруулж эргэн нөхөн олговор нь 20 сая байхаар тогтсон байдаг. 2019 онд 470 гаруй сая төгрөгийн нөхөн олговор даатгалын компаниас хийгдсэн. Тухайн даатгалын компанийн үйлчилгээ нь зөвхөн уралдааны үед унаж бэртсэн хүүхдэд үйлчлэх бус бүтэн жилийн хугацаанд тухайн хүүхдэд ямарваа нэгэн эрсдэл учирсан тохиолдолд даатгалаас нөхөн олговор авах боломжтой байхаар зохицуулалт хйигдсэн байдаг.
-Унаач хүүхдүүд даатгалд хамрагддаг ч эргээд эрсдэл учирахад шаардлагатай нөхөн олговрыг олгодоггүй гэх мэт мэдээллүүд өнгөрсөн хугацаанд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Ер нь даатгалын компаниуд нөхөн олговор тал дээр хариуцлагаа үүрч чадаж байна уу. Энэ чиглэлд ямар хяналт тавьж байгаа вэ?
-Үүрч чадаж байна. Тухайн компаниуд даатгалын гэрээний хугацаанд Санхүүгийн Зохицуулах хороотой байгуулсан тусгай зөвшөөрлийн хүрээнд нөхөн олговорыг гарган өгч байгаа. Нөхөн олговор болон холбогдох хяналт тал дээр манай 21 аймгийн хүүхдийн эрхийн байцаагч нар ажиллаж байгаа.
-Улсын хэмжээнд энэ онд хэчнээн зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулагдсан бэ?
-2022 он гарсаар бүртгэлгүй 11 хурдан морины уралдаан зохион байгуулагдсан. Бүртгэлгүй гэдгийг тодруулбал, 2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл он гарсаар цагаан сартай холбоотой 8 аймагт 11 хурдан морины уралдааныг зохион байгуулсан болох нь тогтоогдсон. Дөрвөн хүүхэд унаж бэртсэн. Тус асуудлуудад цагдаагийн байгууллагаас холбогдох хариуцлагыг авсан байгаа.
ХЭҮК: Өнгөрөгч онд гурван хүүхэд мориноос унаж амиа алдсан
Унаач хүүхдийн асуудалд хүний эрх талаас хяналт тавих эрх бүхий байгууллага нь ХЭҮК. Тэгвэл эл асуудалд ТЭД ямар байр суурьтай байна вэ. Бид ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатартай ярилцлаа.
-Унаач хүүхдийн асуудал хөндөгдөх бүрт мэргэжлийн байгууллагуудыг гол бай болгох хандлага бий. Танай байгууллагын хувьд хурдан морины унаач хүүхдийн эрх ашиг чиглэлд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морины унаач хүүхдийн асуудалд хоёр зарчмын хүрээнд ажилладаг. Нэгдүгээрт, өвлийн уралдааныг хориглосон үед уралдаан, үсэргээ сунгаа зохион байгуулахгүй хэмээх байр суурьтай байдаг. Учир нь энэ нь өөрөө Засгийн газрын тогтоолоор хууль бус. Хоёрдугаарт, тавдугаар сарын 1-нээс уралдаан зохион байгуулах эрх үүсч байгаа. Гэхдээ энэхүү уралдааны үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс унаач хүүхдийг даатгалд хамруулах, зориулалтын хамгаалах хувцас хэрэгслийг өмсгөж оролцуулах энэ чиглэлд ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч нар тогтмол хяналт тавих байр суурийг илэрхийлдэг. Он гарсаар унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар аймаг, сумдын Засаг дарга нарт болон ГБХЗХГ-т шаардлага хүргүүлсэн.
-Шаардлага хүргүүлсэн гэлээ. Гэхдээ та бүхний хүргүүлсэн шаардлага бодит байдал дээр хэрэгжиж чадах эсэх нь учир дутагдалтай байх шиг харагддаг. Асуудал нь юундаа байна?
-Нэг асуудал байна. Аймаг, орон нутгийн ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын орон тоо бага байдаг. Гэхдээ хурдан морины уралдаан нь өөрөө өв соёлын нэгээхэн хэсэг учраас бүрэн хориглочихож болохгүй байгаа юм. Урин дулааны улирал ирэхэд аймаг, сумдаас гадна овоо тахилга, багийн зэрэг жижиг хэмжээний бэсрэг уралдаанууд зохион байгуулагдаж байдаг. Гэтэл тэр бүх уралдаанд хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хүрч хяналт тавьж ажиллах боломжгүй. Тиймээс тухайн сум, багийн нийгмийн ажилтнаар дамжуулан хүүхдийн эрхийг хангах чиглэлд урьдчилан сэргийлэх ажлдуу хийгдээд явж байх ёстой.
Мөн уяач нарын хайхрамжгүй байдлаас үүдэлтэйгээр зуны уралдааны үеэр хүртэл хүүхэд нас барсан тохиолдлууд гарч байгаа шүү дээ. Бидний цуглуулсан мэдээллээр өнгөрсөн онд хурдан морины уралдааны үеэр гурван ч хүүхэд унаж, нас барсан тохиолдол гарсан.
-Тодруулбал?
-Архангай аймгийн Хайрхан суманд уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, чирэгдэж амиа алдсан. Төв аймгийн Аргалантын Их цагаан хөтөл гэх газарт 12 настай хүүхэд унаж, эндсэн. Дараагийн кейс нь мөн л Архангай аймгийн Хайрхан суманд гарсан.
-Хөлсөөр морь унаж, түүгээрээ гэр бүлээ тэжээгээд явж байгаа гэх мэт нөхцөл байдал ч бий-
-Унаач хүүхдүүд мориноос унаж бэртэх явдал тасрахгүй байгаад нөлөөлж буй өөр хүчин зүйл юу байна вэ?
-Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа арга хэлбэр маань өөрөө эрсдэлтэй болчихоод байна. Мориноосоо олон машин дагууд, тоос шороо ихтэйгээс үзэгдэх орчин хязгаарлагдмал болчихдог. Энэ байдлаас үүдэн морь бүдрэх, хүүхэд мориноосоо унахад араас ирж буй морьд нь гишгэх гэх мэтээ эрсдэл үүсгээд байгаа юм. Тиймээс уралдаан зохион байгуулж байгаа арга хэлбэрээ өөрчлөхгүй бол энэ эрсдэл байсаар л байна.
-Хөдөлмөр эрхлэлт ч гэж үзэх нь бий. Гэхдээ хүүхэд шүү дээ?
-Хурдан морь унана гэдэг өөрөө хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт багтана шүү дээ. Бид нар л нэг талаасаа үндэсний өв соёл гэж харж байгаа боловч гадны улс орны хүмүүсийн нүдэнд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй нэг хэлбэр л гэж харна. Зуны халуунд хурдан морин дээр бага насны хүүхэд бартаатай замаар уралдуулж байна шүү дээ. Үүнээс үүдэлтэйгээр ямарваа нэгэн байдлаар осол гэмтэл үүсч байгаа тохиолдол байгаа. Хоёрдугаарт, хүүхдүүд хөлсөөр морь унаж байгаа. Хөлсөөр морь унаж, түүгээрээ гэр бүлээ тэжээгээд явж байгаа гэх мэт урган гарч буй нөхцөл байдлууд байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр л анхаарч ажиллаж байгаа шүү дээ.
-МХЕГ: Үсэргээ, сунгааны үеэр ч хамгаалах хувцас, хэрэгслийн стандартыг мөрдөх ёстой-
ХЭҮК-ийн илэрхийлж буй байр суурийн нэг нь хурдан морь унаач хүүхдийг зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэлтэй уралдуулах. Манайд цаасан малгай, хамгаалах хувцас ч үгүй уралддаг байдлыг “халаад” удаж байгаа. Тэгвэл хурдан морь унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэл, түүнд тавигдах стандартын талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Хурдан морь унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэлд ямар стандартыг мөрддөг, түүнд ямар хяналт тавьдаг талаар яриагаа эхлүүлье?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт буюу MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг урьдчилан сэргийлэх хяналтаар шалгадаг. Энэхүү стандарт маань морь унаач хүүхдийн малгай, нүдний шил, өвдгөвч зэрэг зориулалтын хувцас хэрэгслээс гадна морины хэрэгслүүд нь хүүхдийн биед таарсан байна уу гэдэгт урьдчилан сэргийлэх хяналтыг хийдэг. Үүнийг аймаг, сумдын хүүхдийн эрхийн улсын байцаагч нартай хамтран хэрэгжүүлдэг. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд морь унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх, эцэг, эх, уяач хүүхдийн хооронд гурвалсан гэрээ байгуулахыг шаарддаг. Гэтэл эцэг, эхчүүд энэ тал дээр сайн анхаарч өгөхгүй байгаа юм.
Сүүлд авсан мэдээллээр баяр наадмаас өмнө улсын хэмжээнд үсэргээ, сунгаанд нийт 673 хүүхэд давхардсан тоогоор унаж уралдсан. Үүнээс ердөө 186 нь гэнэтийн ослын даатгалд хамруулсан, 148 хүүхэд нь гурвалсан гэрээ байгуулсан байсан. Тэгэхээр эцэг, эхчүүд, морь уяачид хүүхдийн аюулгүй байдалд бага анхаарч байгаа л гэж харж байна.
-Хүүхэд хурдан морь унаж байгаа л бол тэнд стандартын асуудал ч яригдах ёстой биз дээ?
-Стандарт маань өөрөө үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага гэж байгаа боловч үсэргээ, сунгааны үед ч энэ стандартыг зайлшгүй биелүүлэх шаардлагатай хэмээн шаардаж байгаа.
-“Хамгаалах хувцас хэрэгсэл нь эрсдлээс 100 хувь хамгаалахгүй”-
-Ер нь илэрч буй зөрчлүүд дээр мэргэжлийн хяналтын байцаагч нар нь ямар арга хэмжээ авдаг вэ?
-Газар дээрээ арилгах боломжтой гэж үзсэн зөрчлүүдийг арилгуулаад явна. Хэрвээ стандартын шаардлага хангасан хувцас хэрэгсэл өмсөөгүй, стандартаа зөрчсөн байвал уралдуулахгүй.
-Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээллээр хамгаалах хувцас хэрэгсэл нь тухайн хүүхдийг эрсдлээс тодорхой хэмжээнд хамгаална гэдэг. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Хурдан морь унаач хүүхдийг хамгаалах хувцас хэрэгсэл нь өөрөө стандартад нийцсэн байвал эрсдэл бага гэж үзнэ. Түүнээс биш 100 хувь эрсдлээс хамгаална гэсэн үг биш шүү дээ. Эрсдлийг л багасгаж байгаа гэсэн үг.
-СТАНДАРТ: Гутлын өсгийний зузаан 20 мм-ээс ихгүй байна. Өсгийгүй гутал өмсөхийг хориглоно-
Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавигдах стандарт нь 2018 оны тавдугаар сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Тэгвэл бид юуг СТАНДАРТ хэмээн ойлгож болох вэ. Сонирхуулах үүднээс, хурдан морь унаач хүүхдийн гуталд тавих стандартыг хүргэж байна.
-Шилбэ бүрхсэн түрийтэй гутлаас өөр төрлийн богино түрийтэй, пүүз, үдээстэй гэх мэт төрлийн гутал өмсүүлэхийг хориглоно,
-Хүүхдийн хөлийн хэмжээнд тохирсон байна, холхиж сугардаг болон бариу байж болохгүй,
-Гутлын бүтэц нь шагай болон шилбийг хамгаалсан нэмэлт хатуулга, хамгаалалттай байж болно. Энэ нь хөдөлгөөнд саад учруулахгүй.
-Гутлын өсгийний зузаан 20 мм-ээс ихгүй байна. Өсгийгүй гутал өмсөхийг хориглоно
-Гутлын ул, өсгий нь зөөлөн резин болон каучик материалаар хийгдсэн байх ба гулсах материал болох арьс, шир гэх мэт байж болохгүй.
-Гуталд нэмэлт тоноглол хийхийг хориглоно.
Ташрамд дурдахад, тус стандартад унаач хүүхдийн хамгаалалтын хувцас гэдэгт малгай, хантааз, юүдэн, бээлий,өвдгөвч тохой, гутал, шилбэ шууны хамгаалалт зэрэгт тавих стандартыг нарийвчлан заасан байна. Харин морины хэрэгслийн стандарт гэдэгт эмээл, дөрөө, хазаар, ташуур, амгай зуузай зэрэгт тавигдах ерөнхий шаардлагыг заажээ.
ШУУД ҮЗЭХ: