ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров өнөөдөр Монгол Улсад айлчилна гэх мэдээлэл бий. Харин эл асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Айлчлалтай холбоотой мэдээлэл нууцын зэрэглэлтэй. Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Тиймээс С.В.Лавров Монголд Улсад айлчилснаараа манай улсын гадаад харилцаа хийгээд нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт олон улс судлаач доктор П.Наранбаяртай ярилцлаа.
-ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровын айлчлалтай холбогдуулан нийгэмд тал бүрийн мэдээлэл цацагдаж байна. Э.Бат-Үүлээс эхлээд АН-ын зарим гишүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдсэн. Түүнчлэн хийн хоолойноос эхлээд Монголд зарим нэг асуудлаар улс төрийн шахалт үзүүлэх зорилгоор ирж байна гэх хардлага ч нийгэмд үүсээд байна. Та уг асуудлыг олон улс судлаачийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-ОХУ-ын хувьд манай улсын мөнхийн хөрш. Гадаад харилцаанд хэрэглэгддэг нэршлээрээ стратегийн түншлэл гэдэг утгаараа хамгийн ойрын найрсаг сайн харилцаатай хөршийн нэг. ОХУ-аас шатахуун, шатах тос материалын хэрэглээ 100 хувь хараат гэхэд болно. Сергей Лавровын айлчлалаас бид нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Энэ нь нэг нь төр, нөгөөх нь нийгэм.
Төр бол хоёр улсын гадаад харилцааг төлөөлж оролцоно.
Хоёр улсын найрсаг харилцаа, стратегийн түншлэл зэрэг өргөн хүрээнд Сергей Лавровыг хүлээж авч байгаа байх гэж бодож байна. Харин нийгэм талдаа эсэргүүцэж болно. Зарим иргэн "Гадаад бодлогын асуудлаар иргэд байр сууриа илэрхийлэх учиргүй" гэдэг. Гэтэл үгүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Бүр жагсаал цуглаан хийх ч эрхтэй. Ардчилсан оронд энэ үзэгдэл байх л зүйл. Хуучин цагийнх шиг автозамын хоёр талаар жагсаад угтдаг үе ард хоцорсон. Үзэл бодол заавал мөргөлдөнө.
-Иргэн Д.Монголхүүгээс эхлээд Сергей Лавровыг ирвэл өндөг шиднэ гэж мэдэгдсэн?
-Дипломат айлчлал гэдэг утгаараа аюулгүй байдлыг нь хангах нь ойлгомжтой. Нэг улсын дипломат халдашгүй дархан эрх ямбатай эрх бүхий хүний айлчлал шүү дээ. Энэ утгаараа Венийн конвенцоор зохицуулагдана.
-Сергей Лавровын айлчлал нь ОХУ-Украины дайнтай давхцаж байгаагаар эгзэгтэй агшинд тохиож байна. Хэрвээ магадгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, улмаар хүчирхийллийн хэлбэр шилжвэл энэ үйлдэл нь манай улсын гадаад нэр хүндэд хэрхэн нөлөөлөх бол?
-Энэнд нэг их санаа зовох хэрэггүй. Нийгэм үзэл бодлоо илэрхийлж байна гэдэг нь гол өнцөг. Нөгөө талдаа төрийн ажил өрнөдгөөрөө өрнөнө.
-Тэгвэл эсэргүүцлээ илэрхийлэх нь илэрхийл. Нийт массаараа санаа зовних хэрэггүй гэж байгаа юм байна, тийм үү?
-Яг тийм. Гэхдээ нэг зүйл нь Сергей Лавров ОХУ-ын бодлогыг тээж авчрах нь дамжиггүй. Айлчлалын мэдээлэл нууцлалтай байж болно. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлыг харах юм бол, Украины дайн эхэлсний дараахан байгалийн хий дамжуулах хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ байгуулах санамж бичигт хоёр улсын төлөөлөл гарын үсэг зурсан.
Энэ бол их нарийн асуудал.
Дараагийн нэг асуудал нь, ОХУ нь Өрнө, Дорнын хориг арга хэмжээнд орчихсон. Энэ утгаараа эдийн засгийн хүндхэн нөхцөлд байгаа. Яг ийм цаг үед Монгол Улс шатахуун, шатах тослох материалын төлбөр тооцоог хэрхэн хийх вэ, хэрхэн яаж импортлох вэ гэдэгт тохироо хийх шаардлага гарах байх. Нөгөө талдаа ОХУ-Украины дайн бараг таван сар үргэлжилж байна. Европ тив цаашлаад Дэлхийн II дайнаас хойш гарч байгаагүй томоохон мөргөлдөөн болж байна. Эл дайнаас болж Африк тив өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй гэсэн дүн шинжилгээ бий. Ийм үед Сергей Лавров Монголд айлчлах гэж байгаа нь дээр хэлсэн асуудлыг хэлэлцэж, ойлголцох шаардлага байгаа нь дамжиггүй.
Түүнчлэн Япон улсын Гадаад харилцааны сайд Хаяаши Монголд айлчлах үеэрээ "Украины асуудлаар чангахан шиг дуугараач" гэдэг хүсэлт тавьж байсан. Монголын талаас "Энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой" гэдгээ илэрхийлсэн.
Энэ утгаараа дайны нөхцөл байдалд ОХУ-ыг дэмжээч гэдэг байр суурийг Сергей Лавров илэрхийлэхийг үгүйсгэхгүй. Иймэрхүү шахалт ч орж ирэх байх. Олон улсын нөхцөл байдал хүнд байна.
ЗХУ задарснаас хойш нэг туйлт ертөнц буюу АНУ гэсэн нэг хүчирхэг гүрэн дэлхийн цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг байлаа. Энэ нь одоо задарч байгаагийн нэг хэлбэр нь ОХУ-Украины дайн. Цаашлаад ОХУ, БНХАУ гээд БРИКС-ийн гишүүн улс орнуудын байр суурь өөр өөр байна. Хоёр туйлт ертөнц рүү явах магадлал өндөр байна. Үүнийг дагаад Монгол Улсын гадаад харилцааны нөхцөл байдал таагүй байдал руу орж байна гэсэн үг.
-Миний асуух гэж байсан асуултыг та бараг ярьчихлаа. ОХУ олон улсын хоригт орчихсон. Энэ утгаараа ганцаардаж байгаа юм шиг дүр зураг ажиглагддаг. Ийм цаг үед Сергей Лавров манай улсад айлчлах нь магадгүй биднээс дэмжлэг хүссэн нэг хэлбэр юм болов уу гэж харагдсан?
-Магадгүй. Үгүйсгэхийн аргагүй. Энэ асуудалд төр өөрийн бодлогоо баримтлах ёстой. Гуравдагч хөршийн бодлого Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. ОХУ, АНУ, БНХАУ-аас ирдэг хандив, тусламжаас эхлээд төрөл бүрийн хөрөнгө оруулалт байна. Ийм нөхцөлд аль нэг талын байр суурийг шууд хамгаалах ямар ч боломжгүй.
Үүнийг хашир туршлагатай дипломат хүний хувьд Сергей Лавров анзаарч байгаа.
Энэ ч утгаараа айлчлалын асуудлыг нууцалсан байх. Хэрвээ Сергей Лавров Монголд айлчиллаа гэхэд айлчлалын дараа хамтарсан тунхаглал гаргах байх.
-Монгол Улс төвийг сахих зөвлөмжийг ҮАБЗ-өөс хүчингүй болголоо гэж мэдэгдэж байсан. Энэ бодлого хүчинтэй хэвээр юм болов уу?
-Хэвээрээ мөрдөгдөж байгаа. Манай улс хууль тогтоомждоо гаднын улсын цэрэг армийг байршуулахгүй, ямар нэг зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй гэх зэргээр энхийг сахих буюу төвийг сахих байр суурь эрхэмлэдэг. ОХУ-Украины дайн эхэлсний дараа Монгол Улс төвийг сахина гэдгээ маш болгоомжтой байдлаар илэрхийлсэн. Дараа нь НҮБ-ын хурлын үеэр ОХУ-ыг буруутгасан тогтоолд ямар ч санал өгөхгүйгээр түдгэлзсэн. БНЭУ тэргүүтэй орнуудын хамт. Энэ бол Монгол Улс байр сууриа маш тодорхой илэрхийлсэн дипломат алхам.
-Сергей Лавров 2016 онд Монгол Улсад айлчлах үеэрээ цэнхэр жинсэн өмд, цэнхэр цамц өмссөн байсан даа?
-Онгоцноос буух үедээ юу?
-Тийм. Уг үйлдлийг нь олон улс судлаачид "Сергей Лавровт Монгол жижигдлээ" гэх зэргээр дүгнэж байсан. Тэгвэл энэ удаагийн айлчлалаар Сергей Лавров энэ үйлдлээ давтах болов уу. Албан ёсны айлчлалын үеэр ингэж хувцаслах нь хэр зохимжтой байдаг юм бэ. Би энэ асуултыг иргэн хүний хувир сонирхож асууж байгаа юм шүү?
-Энэ асуудлыг Гадаад харилцааны яам эсвэл Төрийн ордны Ёслолын албанаас асуух нь зүйн хэрэг байх.
-Судлаачийн хувийн өнцгийг сонирхох гэсэн юм?
-Хувцаслалт бол тухайн ард түмнийг хүндэтгэж байна уу, үгүй юү гэдгийг илэрхийлдэг биеийн хэлэмж. Хашир туршлагатай дипломатч хүн ямар алхам хийхийг мэдэхгүй. Дээхнэ үед Гадаад харилцааны сайд Гремаков Монголд айлчилсан байдаг. Онгоцноос буух үед нь "Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцана уу" гэхэд "Ийм сайхан Солонгос улсад ирсэндээ маш их баяртай байна" гэж хэлсэн байдаг. Монголоор дамжаад Солонгос руу нисэх гэж байхдаа андуурсан юм билээ. Иймэрхүү алдаа гэмээр зүйл гарах тохиолдол цөөнгүй бий.
-Энэ оны эхээр Сергей Лавров БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзах үеэрээ хоёр орны эдийн засгийн коридорыг өргөжүүлэх, дэмжих асуудлаас эхлээд ШХАБ, БРИКС-ийн асуудлыг ярилцсан. Сергей Лавров айлчлалын үеэрээ ШХАБ-ын асуудлыг хөндөх байх гэсэн таамаглал бий. Та энэ асуудалд ямар байр суурьтай явдаг юм бэ?
-ШХАБ-т Монгол Улс элсэж орж болохгүй гэсэн хувийн байр суурьтай байдаг. Учир нь хоёр хөршийн шахаанд шууд орно. Терроризмын эсрэг зорилгоор байгуулагдсан шүү дээ. Тэгсэн хэрнээ ШХАБ-т Энэтхэг, Пакистан хоёр улс хоёулаа гишүүнчлэлтэй. Гэтэл хилийн маргаан, мөргөлдөөн маш их гардаг. Мөнхийн зөрчилтэй гэхэд болно.
-ШХАБ-аас гадна БРИКС-т Энэтхэг улс бас гишүүнчлэлтэй биз дээ?
-Тийм. Тэгэхээр ОХУ-ын зүгээс Монгол Улсыг ШХАБ-т элсүүлэхийг эрчимтэй шахаж байсан цаг үе бий. Ялангуяа өмнөх Ерөнхийлөгчийн үед энэ бодлого нь их бага хэмжээгээр илэрсэн юм болов уу.
Харин одоо цаг дээр ярих юм бол, энэ шахалтад хаалт тавьсан байх гэж найдаж байна.
Гэсэн хэдий ч манай улсыг ШХАБ-т элсүүлэх сонирхол БНХАУ болон ОХУ-д байгаа юу гэвэл байгаа.
Хэрвээ элсвэл гуравдагч оронтой харилцах замыг хаах өндөр эрсдэлтэй. Тиймээс Монгол Улс өөрийн байр сууриа маш идэвхтэй илэрхийлж байх ёстой. Нөгөө талдаа Монгол Улсын оршин тогтнох гол баталгаа, бэхжүүлэгч нь ардчилал. Айлчлалын хүрээнд энэ асуудал яригдах боломжтой гэж таамаглахаас өөр сонголт одоогоор бидэнд алга.
-Сергей Лавровын айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлалын суурь болж өгнө гэсэн таамаг бас бий. Энэ хэр өндөр магадлалтай бол?
-Маш өндөр. Яагаад гэвэл, Гадаад харилцааны сайд нь түрүүлж айлчлал хийж, төрийн дээд хэмжээний айлчлал хийгдэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ утгаараа дипломат харилцаанд байдаг л айлчлал гэж харах хэрэгтэй.
Хамгийн гол нь энэ айлчлалд бид бэлэн үү.
Нөхцөл байдал ямар байна вэ гэдэг үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. ОХУ-Украины дайн улам эрчимжиж байна. Украины зүгээс Кремийн хойгийг авах хүртлээ зогсохгүй гэж мэдэгдсэн. Барууны орнуудаас тодорхой хэмжээний холын тусгалтай зэвсгийн дэмжлэг үзүүлж эхэллээ.
-Энэ айлчлалын дараа хэрвээ Путин манай улсад айлчилбал манай улс ОХУ-ыг дэмжиж байна гэж дэлхий нийтэд харагдах болов уу, яах бол?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ Путин айлчилна гэвэл тэрнээс өмнө Байденыг урих хэрэгтэй болох болох байх.
Олон тулгуурт гадаад бодлого гэж үүнийг л хэлдэг.
ЗХУ задраагүй байх үеэс л бид найрсаг харилцаатай байсан. Экс Ерөнхийлөгч П.Очирбат Ельцинтэй уулзах үеэрээ хоёр орны гадаад харилцааг ерөнхийд нь тодорхойлсон. Энэ хүрээнд л хоёр орны харилцаа үргэлжилж байна. Цаашид ч баримтлах ёстой "дэг". Түүнчлэн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Киргистанаас эхлээд Украинтай найрсаг харилцаатай байсаар ирсэн. Энэ бүхнийг манай улс сайтар ойлгож, ухамсарлаж, дэлхий нийтэд таниулах хэрэгтэй.
-ОХУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нараас эхлээд сайд нар нь манай улсад айлчилж байсан. Ер нь төрийн дээд хэмжээний айлчлалын дараа манай улсын гадаад харилцаа, эдийн засагт хэрхэн хэмжээний эерэг нөлөөлөл авчирч байсан түүхтэй юм бэ?
-Миний харснаар эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө маш бага байсан. Төмөр замын асуудлыг шийдэхгүй гацаасан. Цахилгааны асуудал байна. Шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Мянганы сорилтын сангаас Монгол Улс зээл тусламж аваад төмөр замаа сайжруулж, дахин төмөр зам барих гэж үзсэн. Гэтэл зогсоосон. Өнгөрсөн хугацаанд иймэрхүү олон асуудал үүссэн. Гэхдээ Сергей Лавровын энэ удаагийн айлчлалын дараа ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй байна.
Цаг үе өөрчлөгдсөн. Дээр нь таны хэлснээр ОХУ ганцаардаж байгаа нь үнэн. Ийм үед тэгш харилцдаг, сайн харилцаатай байгаа улс орнуудтайгаа харилцаагаа батжуулах хүсэл сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Дээр нь Монгол Улс ч гэсэн шатахууны импорт ОХУ-аас 100 хувь хараат. Энэ утгаараа шатахууны хэрэглээг хангах сувгаа найдвартай болгох шаардлага бидэнд бий.
-ОХУ-Украины дайны асуудалд таны хувь хүний байр суурь?
-Энэ бол буруу. Түрэмгийлэл.
-Хэний газар нутаг дээр хэн явж байна гэдэг хамгийн чухал өнцөг юм шиг?
-Яг тийм. Хамгийн сүүлд гэхэд, Путин Беларусь улсад манай бүрэлдэхүүнд ор гэдэг шахалт үзүүлсэн. Ингэж түрэмгийлж болохгүй. Мэдэхгүй, хэрвээ ийм алхам цаашид үргэлжилсээр байвал эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Дагаад Монгол Улсын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
Г.Нацаг-Эрдэнэ