Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ийн үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 хичээлээс 7 нь буурсан үзүүлэлттэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 49 секунд

Амьдралын их гарааг итгэл дүүрэн эхлүүлж буй 18-тнууд... Тэдний итгэл үнэмшил, сурах хүсэл эрмэлзэл нь цар тахал гээчтэй нүүр тулсан юм. Сүүлийн 3 жилийн хугацаанд зөвхөн ААН-үүд бус ахлах, дунд сургуулийн сурагчид ч хэцүүхэн жилүүдийг өнгөрүүлсэн гэдгийг 2022 оны ЭЕШ-ын дүнгийн чанар баталлаа.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 501.09 байгаа юм.

Энэ нь өмнөх жилүүдийн шалгалтын чанартай харьцуулахад онц өөрчлөлтгүй хэдий ч сурагчдын хичээлийн мэдлэгийн чанар их, дээд сургуулийн босго оноотой дүйцэхүйц чанартай биш гэж албаныхан тайлбарлав.

Шалгуулагчдын дүн оноог өмнөх жилийн шалгалтын дүнтэй харьцуулж үзэхэд нийт 10 хичээлээс 7-Н хичээлийн дундаж оноо буурч, гурван хичээлийн үзүүлэлт хэвээр хадгалагдсан байна. Өмнөх жилүүдээс 7 хичээлийн дүн буурсан нь цахим хичээлтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Дараах графикаас харж болно.

"Монгол хэлний шалгалтын чанар өмнөх жилүүдтэй харьцуулахад онцын дээшилсэн үзүүлэлт байхгүй"

Ингээд энэ жилийн ЭЕШ-ын чанарын талаар Боловсролын Үнэлгээний төвийн Үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.

-Энэ жилийн Монгол хэлний босго оноог даваагүй 1100 гаруй хүүхэд байсан. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад гүйцэтгэлийн хувьд онцын дээшилсэн үзүүлэлт байхгүй байна. 2019 онд босго оноондоо хүрээгүй шалгуулагчид байсаар л байсан.

-2019 оноос өмнөх шалгуулагчид, энэ жилийн шалгуулагчдын дунд дүн, гүйцэтгэлийн ямар ялгаа байна вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт дуусаад удаагүй байна. Тиймээс боловсролын чанарт урьдчилан дүн шинжилгээ хийх боломжгүй байна. Дүн чанарын хувьд тодорхой судалгаа хийгдсэний дараа буюу намар албан ёсоор гарна.

-Энэ жилийн их, дээд сургуулиудын босго оноонд өөрчлөлт орсон уу?

-Их дээд сургуулийн босго оноонд одоогоор өөрчлөлт ороогүй. Их сургуулиудын босго оноо 480 хэвээрээ байна.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд 36 мянга гаруй төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж, 92 хувь нь шалгалтдаа оролцсон. Энэ дундаас нийт 208 хүүхэд 800 оноо авжээ.

Ингээд шалгуулагчдын чанар хэр байгаа талаар МУБИС-ийн багшаас тодруулав. (Нэрээ нууцалсан)

"2019 оноос өмнөх элсэгчдийн хувьд суурь боловсрол одоо үеийнхтэй харьцуулвал их сайн байсан нь мэдээж. 2,3 жил цахимаар хичээллээд шууд их сургуулийн босгыг давж буй хүүхдүүд сурлагын чанарт сөрөг нөлөө ажиглагддаг. Тиймээс тухайн мэргэжлийн суурь хичээлийг бага багаар эхнээс нь заах арга гардаг. Харин цахим хичээлийн сайн талыг харахад хүүхдүүд илүү биеэ даасан, өөртөө итгэдэг болсон нь ажиглагдсан. Өмнө нь хүүхдүүд бие биеэсээ хуулах, энгийн зүйл дээр нэг нэгнээсээ тусламж хүсэх гэх мэт зүйлүүд байсан. Харин цахимаар хичээллээд орж ирж буй хүүхдүүдийн хувьд харьцангуй бие биендээ найдах үзэгдэл бага санагдаж байгаа" гэв.

1180 шалгуулагч Монгол хэлний шалгалтын босго оноондоо хүрээгүй бөгөөд үүнийг цар тахлаас хойших цахим хичээлийн үр дүн сайтар хэрэгжээгүй гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яам үзэж байгаа юм. Тиймээс ирэх наймдугаар сард Монгол хэлний шалгалтыг дахин зохион байгуулахаар болсон.

Монгол Улсын гэх тодотголтой улсын сургуулиуд элсэгчдийнхээ боловсролын чанарыг харгалзан харьцангуй өндөр босго тавьдаг. Их сургуулийн босго оноо 480, Дээд сургууль 440, Орон нутгийн дээд сургууль 410, Коллеж 400, гэсэн босго оноотой байна.

Ихэнх их сургуулиуд Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тогтоосон 480 оноог шаардаж байгаа. Харин их сургуулиудаас хамгийн өндөр босго оноог Санхүү эдийн засгийн их сургууль тогтоосон бөгөөд элсэгчдээсээ 620 оноог шаардаж байгаа юм.

МАН бүлэг: Шатахуун, түлшний үнийг тогтвортой байлгах чиглэл өглөө
МАН бүлэг: Шатахуун, түлшний үнийг тогтвортой байлгах чиглэл өглөө
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.