Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан. Тэрбээр"Монгол Улсын төр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд буцааж авснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Бид 1984 оны үеийн л хөрөнгө оруулалт, техник технологиор байгуулагдсан үйлдвэрийг хүлээж авсан.
Уг үйлдвэр нь нэг сая хүртэлх тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэх боломжтой ч амьдрал дээр хэзээ ч ийм хэмжээнд үйлдвэрлэж байгаагүй.
Хамгийн оргил үедээ жилд 410 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэж байсан.
Үйлдвэрийг төрд хүлээж авснаас хойших хугацаанд бид 200 гаруй мянган тонн цемент зах зээлд нийлүүлсэн. Хуучирсан техник, тоног төхөөрөмжийг өөрсдийн хүчээр засаж сайжруулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн тээрэмтэйгээс нэг нь огт ажиллаж байгаагүй ба гурван тээрэм ажиллахгүй байсныг засаад хоёр тээрмийг ажиллуулж байна. Ирэх долоо хоногт гурав дахь тээрмийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хуучирсан техник технологи дээр шинэчлэл хийхгүй бол гал алдах нөхцөлд байгаа. Ийм үйлдвэрийг л хүлээлгэж өгсөн.
Нийт гаргасан цементийн 40 орчим хувь нь Дарханы болон Өвөрхангай, Шарын голын авто замын бүтээн байгуулалтад нийлүүлэгдэж байгаа." гэлээ.