Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд өнөөдөр 08.00 цагаас авч эхэлсэн байна. Тодруулбал, Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл хүлээн авна.
Ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлнэ. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Мөн энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа аж. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.
Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр болжээ.