Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, зам биш там болсон Дарханы зам дээр 10-хан хүн ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 41 секунд


Манайхан тэр дундаа улстөрчид их гоё уран цэцэн үгтэй. Ядаж байхад ард түмэн тэрэнд дандаа итгэх нь харуусалтай. Дагаад тахин шүтээстэй. Яг ийм процесс ардчиллын салхи Монголд сэвэлзсэн цагаас өнөөг хүртэл тасарсангүй.

Үүний тод жишээ нь өчигдрийн гол сэдвийн нэг болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг.

Тэр нь Монгол Улсын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадлаа гэх түүний аархал. Эл аархалаар бол Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууссан юм байх.

Гайхалтай, баяр хүргэе.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлээд УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцсон уг арга хэмжээ цахим орчинд давалгаа үүсгэж чадсан. Дахиад баяр хүргэе. Тэд ч үүгээр бахархав.

Тэгвэл уучлаарай гэж нэг удаа хүлцэл өчье.

Энэ нь манай UBN.MN сайтын хамт олон өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийг зорих замаараа зориуд Дарханы замын нөхцөл байдлыг тольдсон юм. Олны мэдэж байгаачлан зам бус там болж. Тиймээс элдэв өмнөтгөл бичихээс илүүтэй бодит байдлыг цөөн үгээр илэрхийлэхийг хичээе.

Өөрөөр хэлбэл, зам тавиах ажлыг хийж байгаа хүн бараг алга гэхэд хилсдэхгүй байна лээ. Учир нь 52-ын даваа өнгөрөөд Нарийны амны эхнээс хуучин автозамыг хаасан байв. Ингээд шороон замаар "туучих" нь дамжиггүй.

Баянчандмань, цаашлаад "Урьхан" хүртэл шороон замаар явсан. Энэ бүх замын турш буюу 60 гаруй км замд зам тавихаар ажиллаж буй 10 хүн, бас дөрвөн хүүхэдтэй л таарав.

Энэ бол эмгэнэл, энэ бол Монгол төр цаашлаад Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамны жинхэнэ төрх.


Уг нь Дарханы замын эхний ээлжийг ирэх намар нээнэ гэж эх баригчид хийгээд салбарын сайд нь хэдхэн хоногийн өмнө амалсан. Гэтэл ажил хийж байгаа хүн нь гарын арван хуруунд багтах хэмжээтэй байна.

Нэг үгээр хэлбэл, "Зуун ямаанд жаран ухна" гэдэг үг Дарханы зам хэрэгжиж байна.

Тиймдээ ч санхүүжилт дутагдсан, цар тахал нүүрлэсэн гэх шалтаг шалтгаан тоочихоос илүүтэй ажил хийх хөдөлмөрийн багаж хэрэгсэл гээд хэлэхэд хилсдэхгүй хүн хүч энд алга. Угтаа бол бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, ажил ундарч байх учиртай. Ядаж л салбарын сайд Л.Халтарын хэлсэн үгээр бол шүү дээ. Гэтэл Дарханы замын 60-хан км-т юу байна гэвэл, тэр нь загнаж, дарамталдаг, шалтаг тоочдог дарга нар нь олон байна. Үүнийг нь ч манай UBN.MN сайтын хамт олон нүдээр харж, баримтаар гэрчиллээ.

Энэ ч утгаараа сүүлийн хэдэн жил олны хэл ам дагуулж, олон ч хүний амийг авсан Дарханы зам ирэх намар битгий хэл, ирэх хавар ч ашиглалтад орно гэдэгт найдах хэрэггүй юм байна. Дагаад хэзээ гэдгийг нь хэлээд өгчих албаны эх сурвалж яг таг байхгүй байсаар...

Байсаар гэдэг нь улстөржилтөд хэт автсан болохоор тэр.

Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадлаа" гэж попорч сууна. Ичмээр...

Тиймээс л Ерөнхий сайд аа, ажил хийдэг гар чинь цөөдөж, амлалт өгч попорч суудаг ам чинь олдож.

Дарханы замаа хурдан хугацаанд ашиглалтад оруулъя гэвэл хумсаа нуудаг хурган дарга нараа цөөл, үгүй бол ард түмэн чинь энэ зам дээр туйлдаж гүйцэх нь...

Г.Нацаг-Эрдэнэ

Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав
Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.