Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Covid-19 халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал

Ангилал
COVID-19
Огноо
Унших
9 минут 2 секунд

АНУ-ын зарим мужид хөл хорионы дэглэмийг сулруулахаар зэхэж байгааг нөлөө бүхий судлаачид эрсдэлтэй алхам хэмээн дүгнэж байна. Тодруулбал, Харвардын их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар тус улс нэг өдөрт хийх шинжилгээний чадавхиа ирэх сард 3 дахин нэмэгдүүлж чадаагүй нөхцөлд иргэдийн аюулгүй байдлыг хангалттай хамгаалж чадахгүй аж. Одоогоор тус улс өдөрт дунджаар 146 мянга, нийт 3.6 сая хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Харин хөл хориог 5 дугаар сарын дунд үед сулруулахын тулд өдөрт 500-700 мянган хүнээс шинжилгээ авах хүчин чадалтай болсон байх шаардлагатай гэж дээрх сургуулийн эрдэмтэд үзжээ. Өөрөөр хэлбэл дээрх тооны иргэдийг шинжилгээнд хамруулсны дүнд халдвар авсан хүмүүсийг халдваргүйгээс нь тусгаарлах боломж бүрдэх аж.

Одоогоор шинжилгээнд хамруулсан иргэдийн 20 орчим хувиас халдвар илэрчээ. Харвардын их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ашиш Жа “эерэг хариуны эзлэх жин өндөр байх тусам илрүүлээгүй өвчлөгсөд их байгааг илтгэнэ. Иймээс үүнийг бууруулах чиглэлд ажиллах нь зүйтэй. Учир нь эдийн засгийг нээлттэй байлгах нэг үндэс бол халдвартай иргэдийг олж, тэднийг тусгаарлах явдал юм” гэжээ.

БНФУ-ын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, үүний дотор амьсгалын аппарат, эмч нарт амны хаалт дутагдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт тус улс 81 сая амны хаалт импортолсон ч долоо хоногийн хэрэгцээ 45 саяыг давав.  Одоогоор өдөрт 35 мянга орчим хүнийг оношилж байгаа бөгөөд Засгийн газар цаашид үүнийг 150 мянгад хүргэх, 6 дугаар сар гэхэд 30 мянган амьсгалын аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Халдвартай хүний тоо буурах хандлага ажиглагдаж, эрчимт эмчилгээнд орсон, эмнэлэгт хэвтсэн хүний тоо цөөрч байгаа ч асрамжийн газруудад өндөр настнууд нас барах нь их хэвээр байна.

ХБНГУ-д халдвар болон үхлийн тоогоор тэргүүлж буй Бавари муж улсад дэлгүүр худалдааны газар, нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлж буй иргэд ирэх долоо хоногоос эхлэн амны хаалт зүүхээр болов. Үүний өмнө Саксон, Тюринг муж улсын Иена хотод амны хаалт зүүх журам гарчээ.

Их Британи-д өнгөрсөн 7 хоногоос эхлэн нас баралт тогтвортой буурч байгаа ч эмнэлгүүд хамгаалалтын хувцас хэрэгслийн хомстолд орж байна. Улсын хэмжээнд эмнэлгүүд дэх хамгаалалтын хувцас хэрэгслийн өдрийн хэрэгцээ 150 мянга орчим бөгөөд ойрын хугацаанд Турк улсаас 400 мянга, Мьянмараас 140 мянга, Хятадаас 180 мянган нэгж хувцас нийлүүлэгдэх аж.

БНЭУ эдийн засгийн хямралын үед “ашиг хонжоо хайгчид”-аас сэргийлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа чангатгав. Тодруулбал, тус улсын Худалдааны сайд “хил залгаа улсад бүртгэлтэй, эсвэл холбоотой ААН Энэтхэгийн компанид хөрөнгө оруулах асуудлыг Засгийн газар шийднэ” гэв. Ийм эрх зүйн зохицуулалт Пакистан, Бангладешийн ААН-д үйлчилж байсан.

Япон улс-ын экспорт 3 дугаар сард сүүлийн 3 жил байгаагүйгээр буурав. Тодруулбал, энэ хугацаанд экспорт 11.7 хувь буурч 6.36 их наяд иенд хүрсэн нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болох төлөвтэй. Байгалийн хий, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас үүдэн импорт ч 5 хувь багасчээ. Тус улсын АНУ руу хийсэн экспортын хэмжээ хамгийн ихээр буюу 16.5 хувь унасан нь сүүлийн 9 жил болоогүй үзэгдэл аж.

БНСУ-ын Засгийн газраас 4 дүгээр сарын 19-ний өдөр “зай барих” дэглэм 5 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх боловч сүм, фитнес болон сургалтын төв зэрэг олон хүн цуглардаг газруудын үйл ажиллагааг халдвар, хамгаалалтын нарийн дүрэм, журмын дор дахин эхлүүлэх талаар мэдэгдэв. Түүнчлэн элсэлтийн шалгалт, цэрэг татлага зэргийг явуулахаар болсон байна.

Нөхцөл байдал бүрэн хяналтад орж, тайвшрах үе ирээгүйг Ерөнхий сайд нь онцолсон бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалж 5 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэх аж.

ОХУ-д коронавирусний халдвар өдөрт дунджаар 14-17 хувийн өсөлттэй байгаа бөгөөд тогтоон барьж байгаа хэмээн Хорио цээрийн алба мэдээлж байгаа ч улсын хэмжээнд бүртгэгдэж буй тархалт идэвхтэй хэвээр байна. Москва хотод өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, шинж тэмдэггүй хэлбэрийн халдвар авсан хүний тоо нийт өвчлөлийн 50 хувьд буюу 32 гаруй мянга болсон тул хотын захиргаа хотод тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар болов.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Михайл Мурашко эрүүл мэндийн системд шаардлагатай тоног төхөөрөмжийг шуурхай хангах зорилгын хүрээнд ирэх долоо хоног гэхэд нийт 300 ширхэг уушги орлуулах амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас одоогоор 200 гаруй нь бэлэн болсон хэмээн мэдээллээ. Улсын хэмжээнд коронавирустэй тэмцэж байгаа 60 эмнэлэгт нийт 45,000 ор нэмэлтээр бий болгохоор ажиллаж байна. ОХУ-ын Иркутск, Владимир, Удмур, Коми, Забайкальскийн бүс нутагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг шат ахиулах шаардлагатай гэж үзжээ.

Тус улсын Засгийн газраас нийт 56 тэрбум рубль /675 сая ам.доллар/-ийг цар тахлын дэгдэлтийг хязгаарлахад зориулан зарцуулаад байгаа бөгөөд үүнээс 33 тэрбумыг уг вирусээр халдварласан иргэдэд зориулж эмнэлгийн ор нэмж байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэхэд, 17.7 тэрбумыг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон гар амьсгалын аппарат, яаралтай тусламжийн үйлчилгээнд зориулан зарцуулсан байна.

Орон нутгийн эмнэлгүүд өвчтөн хүлээн авах орны тоог яаралтай нэмэгдүүлж байгаа бөгөөд Засгийн газар орон нутагт 32.4 тэрбум рублийн тусламж олгож, шаардлагатай уушгины төхөөрөмжөөр 3 сарын дотор хангахаар болов.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “өөрийгөө тусгаарлах” дэглэм нь эдийн засагт 17.9 их наяд рублийн хохирол учруулаад байгаа бөгөөд уг арга хэмжээ нь 3 сарын хугацаанд үргэлжилсэн тохиолдолд иргэдийн бодит орлого 5-50 хувь, ДНБ-ий хэмжээ 21 хувиар буурч,15 сая хүртэл ажлын байр хаагдах эрсдэлтэй байна гэсэн тооцоо “Деловая Россия” байгууллага гаргажээ.

ОХУ-ын “Олон нийтийн санал бодлыг тандах судалгааны төв” 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 ба түүнээс дээш насны 1600 иргэнтэй утсаар холбогдож судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсдын 80 орчим хувь нь коронавирусний халдвараас “урьдчилан сэргийлж” байгаа бол 10 гаруй хувь нь “огт арга хэмжээ аваагүй” гэжээ. Харин үлдсэн 12 орчим хувь нь “энэ талаар бодоогүй” гэж хариулсан байна.

БНХАУ-д “Covid-19” өвчин гарснаас хойш сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи болон цахим орчинг хөгжүүлэх төсвийг нэмэгдүүлж, 5G сүлжээг идэвхтэй ашиглаж байна.

Хөхмөрөн мужид энэ сард “Covid-19” өвчний халдварын тархалт нэмэгдэх болсноос Үндэсний эрүүл мэндийн хорооноос эмчилгээний баг илгээн амьсгалын болон хүчил төрөгчийн аппаратын дэмжлэг үзүүлж байна. Тус мужид ОХУ-аас халдвар зөөвөрлөгдөн ирэх нь нэмэгдсээр байгаа тул үүнд анхаарч, хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг нутгийн удирдлагад үүрэг болгов.

Эх сурвалж:ТЕГ

COVID-19-ийн эсрэг вакцины тухай олон улсын эрдэмтдийн судалгаа, дүгнэлт
COVID-19-ийн эсрэг вакцины тухай олон улсын эрдэмтдийн судалгаа, дүгнэлт
 
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Мөс цөмөрсний улмаас сураггүй болсон 10 настай хүүхдийг 3 дахь өдрөө эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.