Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын талбайд өргөгч кран унаж, хоёр хүн амиа алдсан.
Уг осолтой холбогдуулан МХЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын байцаагчдийн урьдчилсан дүгнэлтээр тухайн талбай дахь 50 тонны даацтай автокраны суурийг тэгш бус газар байрлуулснаас муу бэхэлсэн байна. Уг нь барилгын талбайд өргөгч автокран хоёр, цамхагт кран нэг байжээ. Өргөгч краныг ажиллуулахад тухайн суурилуулах газрыг тэгшилж, зориулалтын замыг бэлдэн краны суурийг бэхэлж ашигладаг байна.
ХАБ-ын аюулгүй ажиллагааг хангаагүйгээс болж автокран 50 см газар гулсан савлаж унажээ. Хоёр хүн амиа алдсаны нэг нь тухайн кранаас унаж, нэг нь цохиулан нас баржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн компанид 6 дугаар сарын 7-нд Хан-Уул дүүргээс урьдчилан сэргийлэх шалгалт хийж мэдэгдэх хуудас өгч байсныг МХЕГ-ын хөдөлмөр хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг дурдлаа.