Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын явц, мэдээллийн талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх хичээлээр өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 36253 шалгуулагчид бүртгүүлсэн. Шалгуулагчдын 80 хувь нь англи хэл, нийгэм, математикийн хичээлээр шалгалт өгч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 49 шалгалтын байранд, 2800 орчим багш, ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчидтай хамтран зохион байгуулж байна.
Энэ жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа авахаар болсон. Эхний шалгалтыг зургаадугаар сард, хоёрдох шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна. Түүнчлэн олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой болсон. Энэ хүрээнд 560 орчим шалгуулагчдад олон улсын дүнг дүйцүүлсэн батламж хуудас олгосон байгаа. ЭЕШ-ын оноог гаргах аргачлал нь тухайн жил шалгалт өгсөн шалгуулагчдын оноотой л харьцуулагддаг гэдгийг тодотгож хэлмээр байна. Энэ жилийн хувьд батламж хуудсыг цахимаар олгохоор болсон. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно. Шалгуулагчид замын түгжрэл, зам засвар зэргийг тооцон хувийн зохион байгуулалттай шалгалтад оролцохыг зөвлөж байна " гэв.