Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар дотоодын цэргийн штаб, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго: 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч "Н" нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн байлдагчийн хувьд тангараг өргөх ёслолын арга хэмжээ болсон өдөр буюу 2022.06.15-ны 22.00 цагаас эхлэн биеийн байдалд өөрчлөлт орсон. Иймд ангийн эрүүл мэндийн төвд үзүүлж, анхан шатны тусламж, үйлчилгээ авснаар биеийн байдал тогтворжсон.
2022.06.16-ны өглөө дахин эрүүл мэндийн үзэгт хамруулахад анхан шатны амин үзүүлэлт болон бусад үзүүлэлтүүд хэвийн гэж гарсан. Харин тухайн өдрийнхөө 22.45 минутад артерийн даралтын үйл ажиллагаа доголдсон учир түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжаар Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн. 17-ны өдрийн 01.20-07.00 цагийн хооронд хагалгаанд орж, эмчлэгдэх явцдаа амь эрсэдсэн.
Тухайн байлдагч 05 дугаар ангид алба хааж байхдаа цэргийн дүрмийн болон дүрмийн бус харилцаанд ороогүй. Ийм харилцаа байхгүй гэдгийг батлан хэлье. Монгол Улсын Дотоодын цэргийн анги гэх айлд алба хааж байгаа алба хаагчид цэргийн дүрмийн харилцаа байхгүй, цаашид ч байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. Амь эрсэдсэн хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлж байна.