Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар дотоодын цэргийн штаб, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис "Дотоодын цэрэгт алба хааж байсан байлдагч энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 05 дугаар ангид байлдагчаар ирсэн хугацаат цэргийн алба хаагчид мөн сарын 15-ны өдөр тангараг өргөсөн. Түүний дараа ар гэрийнхэн эргэлтээр ирсэн. Үүний дараа энэхүү харамсалтай зүйл болсон. Талийгаач цэргийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна.
Байлдагч Н-ийн нагац ах, гэр бүлийн гишүүд зургаадугаар сарын 17-ны өдөр надтай уулзсан. Бид харамсаж байгаагаа илэрхийлэн, бүх талын туслалцаа үзүүлж байна. Ямар ч тохиолдолд нас барсан байсан хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзэн ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны тусгай субъектийг хэргийг хариуцсан хэлтэст албан ёсоор бичиг хүргүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа шуурхай эхэлсэн. Ар гэрийнхний зүгээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байсан" гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч Н-ийг алба хааж байсан ангиас нь сүүлчийн замд нь үдэх үйл ажиллагаа өнөөдөр өглөө болсон" гэв.
ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Манай Дотоод хяналт аюулгүй байдлын газраас гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Дотоодын цэргийн хяналт шалгалтын алба хаагчид, 05 дугаар ангийн алба хаагчид, СХД-ийн цагдаагийн газар, мөрдөн байцаах албаны тусгай субъектийг мөрдөн шалгах хэлтсүүд "хойшлуулшгүй ажиллагаа" арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Албаны шалгалт хийгдэж байгаа, хараахан дуусаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа байгууллагууд тухайн байлдагчийн нас барсантай холбоотой үйл ажиллагаа хийж байна. Үүнд прокурорын байгууллага хяналт тавин харьяалал нь АТГ-руу шилжсэн байгаа.
Шалгалтын явцад тухайн байлдагчийг цэрэгт ирснээсээ хойших хугацаанд цэргийн хэргийн албан харьцаанд орж байсан эсэх, эмнэлэг үйлчилгээний асуудал нь цаг хугацаандаа хэрэгжсэн эсэх, дарамт шахалт ирсэн эсэхэд шалгалт хийнэ. 05 дугаар ангийн дотоод хяналтын камерын бичлэгүүдийн сүүлийн 14 хоногийн хугацаанд маш нарийвчлалтай үзэж байгаа. Шалгалтын ажил дуусаагүй учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.