Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн цэргийн талаар өнөөдөр /2022.06.22/ ШШҮХ-ээс мэдээлэл хийлээ.
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эмч н.Ариунзул "Тус өдөр жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 22 цаг 30 минутанд манай Шүүх шинжилгээний газарт цагдаагийн байгууллагаас цэрэг нас барсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очиход талийгаачийн цогцсыг тусгаарласан байсан. Цогцсын гадна үзлэг хийж өөрийн эмнэлэгт зөөвөрлөн авч ирсэн" гэв.
ШШҮХ-ийн чиглэлийн ахлах ажилтан, хошууч А.Амгаланболд "2014 онд баталсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын зургаадугаар бүлэгт эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдолд ажлын 21 хоногт шинжилгээний дүгнэлт гарна хэмээн заасан байдаг. Цэрэг нас барсан гэх асуудал нь нарийн төвөгтэй шинжилгээний тоонд орно. Олон шинжилгээ хийж байгаа. Тиймээс аль болох богино хугацаанд буюу ажлын 21 хоногтоо багтааж дүгнэлтийг гаргана. Шинжилгээний үр дүнгийн талаар хэлэхэд эрт байна.
Тухайн цэргийн албан хаагч нь Цэргийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 20 гаруй цаг эмчлэгдсэн. Хагалгаанд орсон. Хагалгаагаар ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг бэхжүүлэх уусмалд хийсэн байсан бөгөөд дээжийг нь өвчний түүх болон бусад эмнэлгийн бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулж авсан. Задлан шинжилгээ хийх үед тухайн цэргийн ходоод байгаагүй. Ходоод нь мэс заслын аргаар тайрагдсан байсан. Тайрагдсан эд эсийг төрийн тусгай албан хаагчийн эмнэлгээс шилжүүлэн авсан. Шинжилгээг хийж байна. Одоогоор шалтгаан нөхцлийн хэмжээнд үр дүн гараагүй байна" гэлээ.