ЭЦА-наас энэ сарын 9-нд буюу өчигдөр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулжээ. Тодруулбал, ЭЦА-наас Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуунсухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдний офиссын өрөө тасалгаанд нэгжлэг хийж, эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валютыг хураан авчээ.
Энэ талаар ЭЦА-наас тодруулахад "Ажиллагаа хийсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Гаалийн байгууллагын албан тушаалтнууд, нүүрс тээврийн томоохон ААН-үүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Мөн тэдгээрийн хооронд Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн байж болзошгүй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.
Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Шалгалт хийсэн нь үнэн. Манай байгууллагаас нэг хүнийг шалгасан. Гэхдээ энэ хүн гурван сарын өмнө ажлаасаа халагдсан. Халагдсан шалтгаан нь сахилгын ёс зүйн хариуцлага алдсан гэдэг үндэслэл. Тухайн алба хаагч нь дунд шатны буюу гаалийн улсын байцаагчаар ажилладаг байсан. Тэр хүний гэрт нэгжлэг хийсэн гэсэн. Гэхдээ мөнгө төгрөг гараагүй. Энэ хүнтэй холбоотой хэрэг угаасаа шалгагдаж байгаа хэрэг. Яагаад одоо л шалгаж эхэлсэн юм шиг мэдээлсэнд гайхаж байна" гэлээ.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Гашуунсухайтын хилийн боомт дахь Хилийн цэрэг болон цагдаа, гаалийн нэр бүхий ажилтнуудын орон гэрт нэгжлэг хийсэн юм. Тэдгээрийн орон гэрээс бэлэн мөнгө илэрсэн гэх мэдээлэл одоогоор алга. Харин Гашуунсухайт дахь нүүрс тээврийн хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөөнөөс эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө гарсан" гэв.