"Салхитын мөнгөний орд"-ыг төрд авах ажлын автор нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Технологийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр тагнуулчдаар хүчээ зузаатган байж Салхитын мөнгөний ордыг төрд авч буй сүртэй бичлэгээ цацсаны дараа тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад хувь хүртээх ажлыг эхлүүлж байлаа.
Ард түмний уухай дуу, алга ташилтын дор хэрэгжсэн ажлын хүрээнд хуулийн салбарынхан хэр авлигажсан нь илчлэгдэж байв.
Энэ бол 2019 оны сүүлч үе. Үүнээс хойш хэдийнэ гурван жилийн нүүр үзэж. Энэ хугацаанд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд сүүлийн 30 жилд Хятадуудын халаасыг зузаатгаж ирсэн "Салхитын мөнгөний орд"-ыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлсэн юм. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж, олборлолтын ажил эрчимтэй хийгдэж буй. Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтээс ард түмэнд хувь хүртээхээр зорьж буй.
Эл мэдээллээс үзвэл, төр өөрийн өмчдөө эзэн байж, зүй зохистой зарцуулж чадвал ард түмэн өгөөж хүртэж болохоор харагдана.
Үүнийг нь ч “Салхитын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолж байсан удаатай. Гэвч төрийн өмчид хэт өөриймсөг хандаж, дураар захиран зарцуулдаг "том" толгойтой дарга байсаар байна.
Үүний нэг нь "Эрдэнэс Силвер Ресурс" компанийн удирдлагууд гэдэг нь аудитын шалгалтаар илрээд байна.
Гэхдээ уг аудитын тайлан нь "Эрдэнэс Силвер Ресурс"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хоёр хүнд хамааралтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын мега төслүүдийг бодвол нөөц багатай ордод хамаарах ч улсын эдийн засагт багагүй эерэг нөлөө үзүүлж чадах Салхитын мөнгөний орд хоёр гүйцэтгэх захирлын нүүр үзсэн. Өмнөх гүйцэтгэх захирал нь Т.Баярмөнхийг толгой компани болох "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа чухам ямар шалтгаанаар тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй. Ямартай ч "Улаан Од" сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхлүүлж, улмаар "Сэрүүлэг"-ийн гэдгээр олны танил болсон "ТВ-8" телевизийн захирал асан С.Баярмөнхийг томилсон.
Түүнийг албан үүргээ авсны дараахан хэвлэлээр багагүй шуугиан тарьсан мэдээлэл цацагдаж байсан.
Энэ нь гүйцэтгэх захирлаар томилогдсон даруйдаа Салхитын мөнгөний ордыг Ж.Ганхөлөгт хариуцуулсан. Гэвч Ж.Ганхөлөгийг томилогдсоны дараа тус ордын аж байдал сайжрах нь бүү, хэл тоног төхөөрөмж зэрэг үнэтэй цайтай эд материал нь хулгайд алдагдсан. Мөн 19 хүн хордлогод орсныг мэргэжлийн байгууллагуудаас нууж байна гэх мэдээлэл. Эл мэдээлэл цацагдсан ч үнэн, худал нь тогтоохгүй намжсан сонирхолтой.
Ямар ч аудитаар илсэн дараах зөрчил, дутагдлыг С.Баярмөнх, Т.Мөнхбаяр нарын хэн нь хариуцах бэ гэдгийг АТГ хянаж тогтоох байх.
Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасны дагуу “Эрдэнэс Сивер Ресурс” ХХК-иас аудитаар илэрсэн зөрчлийг хүргэж байна.
Үндэсний аудитын газарт тайлагнаснаар өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуусах хугацаанд мөнгөний металл авалт 73.3 хувь байсан бол, 2021 эхний хагас жилийн байдлаар 85.6 хувь, сүүлийн хагас жилд 88.1 хувь болж өссөн ЭЕРЭГ үзүүлэлттэй гарчээ.
“Эрдэнэс Сивер Ресурс” ХХК-ийн ТУЗ-д төрийн байгууллагаас хоёр, хөндлөнгийн хараат бус гурав, компанийн гүйцэтгэх захирал, толгой компаниас гурав буюу нийт есөн хүний бүрэлдэхүүнээс бүрддэг юм байна.
ШАЛГАЛТААР 27 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Аудитаар нийт 27,516.9 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс, 14,540.2 сая төгрөгийн алдааг залруулж, 3.6 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 11,973.1 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлсэн байна. Харин залруулагдаагүй 11,973.1 сая төгрөгийн зөрчил нь тогтоосон 538.9 сая төгрөгийн ерөнхий материаллаг байдлын түвшнээс 11,434.2 сая төгрөгөөр их байгаа тул Хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Дээрх зөрчлийг дор задалж үзүүлье.
ТУЗ-ИЙН ХУУЛЬ БУС ШИЙДВЭР
“Эрдэнэс Сивер Ресурс”-ийн ТУЗ-ийн 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг ТУЗ-ийн сул гишүүний оронд түр томилсон байна. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоож, шийдвэр гаргаагүй байхад сард 0.8-аас 2.0 сая төгрөгийн цалин хөлс бодож олгосон байна. Үүнд нийт 143.7 сая төгрөгийн цалинг тооцож олгожээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 62.1.13-т "компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох" гэж заасныг зөрчсөн байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НЬ ӨӨРТӨӨ НЭМЭГДЭЛ "ОЛГУУЛЖЭЭ"
Гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд тусгаагүй унаа хоолны хөнгөлөлтөд 3.6 сая төгрөгийн нэмэгдэл цалин хөлс бодож олгосон. Гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 6.1-т "Гүйцэтгэх захиралд сард 7,000,000.00 /долоон сая/ төгрөгийн цалин хөлс олгох ба компанийн үр дүн, ашиг орлогоос шалтгаалж, цалингийн хэмжээг гэрээний хугацаанд батлагдсан төсөвт нийцүүлэн өөрчлөн тогтоож болно", Компанийн тухай хуулийн 62.1.13-т "компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох" гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Эдгээрээс гадна хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
Тиймээс засч залруулах арга хэмжээ авахыг анхааруулсан аж.
Эндээс л, төр өөрийн өмчөө хятадуудаас эргүүлэн авч ард түмэндээ хувь хүртээж, ахуй амьдралыг нь сайжруулах гэж оролдсон алхамд ТУЗ хэмээх том толгойтой нөхдүүд ямархуу тээг учруулж байгааг харж болохоор байна. Цахим орчин хөгжиж, иргэдийн мэдээллийн урсгалд төөрсөн өнөө үед "Эрдэнэс Селвир Ресурс" компанийн ТУЗ-ийн гишүүд 143.7 сая төгрөгийг өөрсдөдөө "олгуулж", Гүйцэтгэх захирал нь 7 сая төгрөгийн цалин дээрээ 3.6 сая төгрөгийн "нэмэгдэл авсан нь" бага тоо мэт харагдах байх.
Гэвч дээрх 150 сая төгрөгөөр хэдэн ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, хэчнээн өвчтэй зовлонтой хүүхдэд туслах боломжтой вэ байсан бэ гэдэг өнцгөөс харвал танд нэгийг бодуулах байх.
Тиймээс л ТУЗ нэрийн дор төрийн өмчит байгууллагаас цалин "сааж" суудаг хурган дарга нарыг цэгцлэх шаардлага тулгамдаад байна. Энэ нь ч Төрийн хэмнэлтийн хуулийн үзэл баримтлалд зүй ёсоор нийцэх биз ээ.