Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал 09.00 цагаас эхэлсэн. Хуралдаан нээлттэй явагдаж байгаа ч шууд дамжуулалтыг зогсоосон юм. Өглөө 09.00 цагаас эхэлсэн хурал 14.00 цаг хүртэл түр завсарлаад байна.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй. Харин өмгөөлөгчийнх нь зүгээс 10.1-2.1 буюу "Хүнийг алах" зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, 11.1 буюу хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар солих байр суурьтай оролцож байгаа юм.
Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.