Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Онон: Дотуур хувцас хосуудын харилцаанд нэг төрлийн “амтлагч“ болдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 29 секунд

Сүүлийн үед эмэгтэй дотуур хувцасны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүний хэрээр монгол брэндүүд шинээр гарч ирэх болов. Дотуур хувцас нь эмэгтэй хүний ариун цэвэрт нөлөөлөх хамгийн чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн. Гэвч охид бүсгүйчүүд орчин үед дотуур хувцасны загвар хийцэнд илүү анхаарч,  өмсөөгүй юм шиг харагдахуйц нимгэн нийлэг, торго, торон материалтай чамин загвартай хувцсуудыг эрж хайн хэрэглээндээ ашиглах болжээ. Тэгвэл сүүлийн үед олны анхаарлыг татаж хурдан хугацаанд нэр хүнд олоод буй “Kef Official” дотуур хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Г.Ононгийн ярилцлагыг уншигчдадаа хүргэе. 

Бизнесийн санаагаа хэрхэн олсон талаар яриагаа эхэлье? 

- Өмнө нь барилгын салбарт ажилладаг байсан. Харин хувцас загварын чиглэлийг зүгээр л  сонирхдог, өөрийгөө сорьж үзэх юмсан хэмээн мөрөөддөг байлаа. Тухайн үед бусдаас сонин содон хувцас юм уу гутал олж өмсөх дуртай, ээжтэйгээ хамт эрэл хайгуул хийгээд л дийлэнхдээ гаднаас захиалж өмсдөг байсан. 2016 онд дотуур хувцас түлхүү сонирхож, өөрийн гэсэн дотуур хувцасны дэлгүүртэй болно, иймэрхүү логотой, эхний коллекц маань ийм байна гээд л  мөрөөдөлдөө төсөөлөөд явж байлаа. Янз бүрийн санаа цуглуулан зүгээр л ажлынхаа хажуугаар толгойгоо амраах хобби болгоод явж байсан. Гоё загвар сайтай дотуур хувцас улам сонирхож, туршиж үзмээр санагдаад хайтал санаанд таарахаар загвартай олдоогүй.

Тухайлбал ижил төрлийн бараа худалдаалдаг 10 дэлгүүр байлаа гэхэд бараг л 10-лаа маш төстэй загвар, дизайнтай барааг зардаг эсвэл Монголд ихэнхдээ ази биеэнд зориулсан, ази загвартай, ази буюу жижиг өмсгөлтэй хувцаснуудыг зардаг.

Гэтэл гадаадын хүмүүсийг харахаар арай өөр загвар стиллтэй хувцаснуудыг өмсөөд байдаг. Түүнээс нь захиалах гэхээр яг зохих уу, таарах бол уу гээд эргэлзээтэй. Тухайн үед Монгол брэндүүд ганц нэг байсан ч миний сонирхож байгаа загварууд байгаагүй.

2018 онд ажлаасаа санамсаргүй байдлаар гарах болж, цаашид ямар ажил хийх талаар сонголтуудтай тулгарсан. Тэр үед бүх юм шинээр эхлэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж, “Мөрөөдлөө одоо л хийж үзэхгүй бол өөр хэзээ хийх гэж” гээд л зориг шулуудаад, гадуур явж материал үзэн, оёдлын машин  худалдаж аваад л эхэлсэн дээ. 

“Kef Official” брэнд бусад ижил төрлийн брэндүүдээс юугаараа онцлог вэ?

- Хамгийн түрүүнд миний мэдрэмж шингэсэн байгаагаараа илүү онцлог гэж бодож байна. Эмэгтэй хүний сайхан хэсгүүдийг тодруулж, натурал буюу хэтрүүлэггүйгээр дур булаам харагдах боломжийг тав тухын хамт санал болгодог. Хоёрт судалгаа сайн хийдэг. Европ эсвэл Америкд ч юм уу ер нь загварын ертөнцөд юу трэнд болж байна гээд байнга судалдаг. 

Дотуур хувцсанд гол анхаарах зүйл нь юу байдаг вэ?

Худалдан авагчийн зүгээс олны жишгийг дагахаас илүү надад ямар өнгө илүү зохих вэ, миний аль хэсэг илүү гоё вэ, аль хэсгээ илүү тодруулмаар байна вэ, яавал илүү натурал буюу хэтрүүлэггүйгээр үзэсгэлэнтэй харагдаж, давхар тав тухтай байх вэ гэдэг дээр үндэслээд сонголтоо хийвэл зөв сонголт болно. Жижиг хөхтэй бол заавал өргөгчтэй, зузаан порлонтойг л өмсөнө эсвэл өргөгчтэй хөхний даруулга л өмсөж байж л халуухан харагдана гэдэг хоцрогдсон ойлголт. Бидний зүгээс бие хэт барьж холгохгүй, арьсыг үрж улайлгахгүй, тухайн хүндээ зөв сайхан суудаг байх нь гол анхаарах зүйл юмдаа.

Загвар нь чухал юм уу материал нь чухал юм уу

-Материал сайтай ч сэтгэл ханамж өгөхөөр гоё харагдахгүй бол яах вэ, эсвэл гоё загвартай ч арьс үрээд загатнуулаад байвал бас ямар вэ? Тэгэхээр загвар материал 2 уулаа л чухал, хамт байх ёстой.

Материалаа хаанаас оруулж ирдэг вэ? Олдоц хэр байдаг вэ? 

Материалын олдоц болон сонголтын хувьд манайд маш хязгаарлагдмал байдаг. Анх материал зардаг дэлгүүрүүдийг бараг нүх сүв болгоныг эрж хайж байсан. Материалын дэлгүүрт ороод  нэг булангаас нөгөө булан хүртэл үзэж байж материалаа сонгодог. Заримыг нь гаднаас авдаг.  

Одоогоор хэдэн хүнтэй баг ажиллаж байна вэ? 

- Хамтран ажилладаг 5 хүний бүрэлдэхүүн баг байгаа. Би өөрөө дийлэнх ажлаа хариуцаж ажилладаг. Загвараа өөрөө гаргаж, зохион бүтээж, эсгүүрээ өөрөө хийдэг. Харин оёдлын хувьд тухайн чиглэлийн зүйлийг оёоод дадчихсан туршлагатай хүмүүст хариуцуулдаг.

Бизнесийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал байна уу? 

-Ажиллах хүч л гэнэдээ. Ихэнх хүмүүсийн хандлага амар ажил хийж, хариуцаж авсан ажлаа тэгсгээд л хийсэн болох гээд байдаг талтай ажиглагдсан. Дийлэнх оёдолчид маань хурдан хугацаанд машин дээр гялс гүйлгээд л болох ажлыг хийх илүү сонирхолтой, няхуур, чимхлүүр ажлаас төвөгшөөх хандлагатай байдаг. Гэтэл 1 иж бүрдэл дотуур хувцасыг үйлдвэрлэхэд 5 цамц оёх хугацааг зарцуулдаг. Тэгэхээр хүмүүс  өө би ийм ажил хийхгүй. Энэ чинь аягүй их цаг авах юм байна. Энэ аягүй хэцүү юм байна. Би ингээд машинаар гүйлгээд гүйлгээд явчихдаг юмыг оёмоор байна гэдэг ч юмуу хялбар ажлыг хүсдэг. Ажил голохгүй, хариуцсан ажлаа нямбай хийчихдэг хүнийг олох нь л тулгамдаж байгаа асуудал юм уу даа. 

Коронавирусний тархалт хэрхэн нөлөөлсөн бэ?

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан худалдан авалт тодорхой хэмжээнд буурсан.

Өдөрт хэдэн дотуур хувцас гаргаж байна вэ? 

Дотуур хувцас өдөр болгон хийгдэнэ  гэж байхгүй л дээ. Дотуур хувцас нь өөрөө хүнсний бүтээгдэхүүн шиг биш болохоор судлана. Тухайн цаг үетэйгээ нийцсэн коллекц гэж байдаг. Коллекцэн дундаа юу байх уу, юуг онцлох уу гээд олон зүйлийг бодож, судалснаар бүтдэг. Тэгээд коллекцоо олон тоогоор үйлдвэрлэж, худалдаанд гаргадаг. Тийм болохоор өдөр болгон дотуур хувцас хийгдэхгүй. Давтамжийн хувьд улиралд 2 коллекц гаргах хүчин чадалтай. 

Дэлгүүрээ нээгээд хэдий хугацаа өнгөрсөн бэ? Хэрэглэгчид юуг илүү хүсдэг вэ?

-2018 оны 7 сарын 9-нд анхны загвараа худалдаанд гаргаж байсан. Түүнээс хойш жил 5 сар болж байна. Хэрэглэгчид юуг хүсч байна вэ гэдэг дээр хэт их төвлөрдөггүй. Загвар өнгөний тренд судалж, илүү содон сонирхолтой загварууд санал болгохыг хичээдэг болохоор шинэ коллекци бүр тодорхой амжилттай байдаг.

Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөг дотор хэлбэлзэж байна вэ? Монгол брэнд байж ямар үнэтэй юм гэх хандлага хүмүүс дунд байдаг шүү дээ. Үүнийг юу гэж боддог вэ?

Гадаад болон дотоодод төстэй хийц загварын хувцаснууд ямар үнэтэй байна гэж судалсны үндсэн дээр үнээ тогтооно. Хэрэглэгчид дундаа бол үнэтэй гэсэн зүйл гараагүй. Боломжийн үнэтэй л гэдэг. Үнийн хувьд 25000-85000 төгрөг дотор материал загвар хийцээсээ шалтгаалж хэлбэлзэж байгаа. Харин жуулчид аймар хямдхан байна гээд л дуу алдаж авдаг юм байна лээ. Барууны загварын чин хандлагыг Монголчууддаа санал болгохыг хичээж ажилладаг. Тийм байж чадаж байгааг маань наадмын үеийн жуулчид баталж өгсөн. 

Сошиал медиаг маркетингийн гол хэрэгслээ болгож ашигладаг харагдсан. Тэр тусмаа instagram, fb сурталчилгааг идэвхитэй ашиглах юм

-Хэн рүү зорьж байгаа , тухайн зорьж байгаа хүмүүс юуг үзэж, харж, хаана цагаа зарцуулж, юуг хэрэглэж хаашаа чиглэж байгаа зэргийг судалж тэнд нь л би байна гэсэн үг л дээ. 

Эрэгтэй дотуур хувцас гаргах бодол бий юу?  хувцас загвар дээр эрэгтэйчүүдээ хаядаг юм шиг санагддаг

Би оролдож үзсэн. Яг эрэгтэй хувцсан дээр ийм байвал гоё доо гэсэн мэдрэмж надад байхгүй болохоор бүтэлгүйтсэн. Уг нь эрэгтэй загварын зураг авалт хийгээд  зургаа тавьтал тэрний дараа хүмүүс их сөрөг сэтгэгдэл үлдээсэн. 

Тэгвэл монголд эрэгтэй дотуур хувцсыг яагаад ингэж хүлээж аваад байна?

Эмэгтэй хүн гоё дотуур хувцас өмссөн зураг байлаа гэхэд эр эмгүй бүгд биеийн галбир, гоо сайхныг  харж сайхнаар хүлээн авдаг. Харин эрэгтэй хувцасны зураг оруулаад үзсэн чинь  муухай юм, хаха  гээд найзуудыгаа мэншион хийж  шоолж инээлдсэн. Ингээд бодохоор энэ хоёрын үзэгч тусдаа байх ёстой санагдсан. Бүүр эрэгтэй загварт зориулсан пэйжтэй, түүндээ тохирсон дагагчидтай байх хэрэгтэй. Жишээ авбал нэг дуучин байлаа гэхэд түүнийг сонсох дуртай хүн л дууг нь сонсож, түүнийг дагана.

Манай хувьд эмэгтэйчүүдэд зориулсан загварыг үзэх дуртай хүн л манайхыг дагаж, үзнэ. Гэтэл би гэнэт шал өөр зүйл оруулаад ирэхээр таалагдахгүй байх нь аргагүй байх.  Тэгэхээр хэрэглэгчид нэг төрлийн үзэгч. Би үзэгчээ хүндлэх ёстой гэж бодсон. 

Нэрнийхээ тухай яриач,  ямар утгатай вэ?

Kef –Нэрээ олох, өгөх судалгааг бараг 14 хоног хийсэн. Кef гэдэг нь өөрөө араб үг. Ямар нэгэн зүйлээс таашаал авах гэсэн утгатай. Сайхан хувцас өмссөн хүнийг харж буй хүн таашаал авахаас гадна өмсч байгаа хүн өөрөө бас таашаал аваасай гэсэн санаа агуулж байгаа юм.

Яагаад ийм утгатай нэр сонгосон бэ гэхээр дотуур хувцас гэдгийг би ойлгохдоо хосуудын харилцаанд нэг төрлийн амтлагч юмуу гэж боддог. Ер нь ямар ч хүн нэгэн хэвийн байдлаас уйдна. Залхана. Тиймээс хосуудын харилцааг иймэрхүү жижиг зүйлс сэргээж болдог.

Тэр утгаараа залуучууд маш их авдаг. Ер нь эхнэр, найз охин, найз залуу, нөхөртөө бэлэг барих гэсэн юм гэх зэргээр их худалдан авалт хийгддэг. 

Ямар нэгэн буруу зүйлийг сурталчилж уриалаад байгаа, эсвэл ямар ичмээр юм гэх зүйл биш, энэ нь  нэг төрлийн соёл. Эмэгтэй хүн ялангуяа өөрт таалагдсан зүйлээ өмсөж байж илүү өөртөө итгэлтэй болно. Хосын харилцаанд ч сайнаар нөлөөлнө.

Ганц бие байсан ч гэсэн эмэгтэй хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бас нэг бодол байдаг юм, эмэгтэй хүнд өөрийн гэсэн үнэ цэнэ байх хэрэгтэй юм шиг. Эмэгтэй хүн халуухан харагдая гэхээрээ л тэр чигээрээ торон комбинзон ч юмуу хямдхан имидж өгөх хувцас өмсөх гээд байдаг тал бий.  Хүнд чинь аль нэг юмаа тодотгох, нуух юм гэж байна. Бүх л юм нь задгай байж халуухан байна гэсэн үг биш шүүдээ. Яавал үнэ цэнээ алдчихгүйхэн шиг жаахан эмэгтэйлэг хэрнээ халуухан харагдах вэ гэдгийг би харуулах гэж хичээдэг.

Нью-Йоркын “Зүрхэн арал”-ыг албан ёсоор оршуулгын цэг болголоо
Нью-Йоркын “Зүрхэн арал”-ыг албан ёсоор оршуулгын цэг болголоо
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.