Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, шинэчлэх асуудлыг шийдвэрлэх АЖЛЫН ХЭСЭГ байгуулжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 52 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Петрочайна Дачин Тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан. Энэ хугацаанд нийтдээ 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон. Хэдийгээр манай улс өөрийн гэсэн газрын тос олборлодог боловч өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдаж авдаг. 2021 оны байдлаар 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авч, 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. 2025 онд баталгаат нөөц нэмэгдэж, ашиглалтын баталгаат нөөц 47 сая тонн болно гэсэн төлөвлөгөөтай байгаа. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувийн хооронд хэлбэлзэн нэмэгдэж байдаг бөгөөд 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болно гэсэн тооцоо бий гэлээ. Үүнийхээ 55 хувийг бид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хангаж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой асуудлууд байгаа.

Засгийн газрын хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.

Тосон уул талбайн хувьд Монгол Улс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг байна. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс авч, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг байна. Үүнийг нарийвчлан ойлговол, 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Манай улсад, монголын ард түмэнд ашиггүй, харин бүр хохиролтой гэдэг ийм л дүгнэлтийг өгөхөөр байгаа. Энэ гэрээ байгуулагдаад нэлээн хэдэн жил болчихсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн. Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Мөн гүйлгээ зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гэрээн дээрээ гадаадад данс нээж болно гэж заасан гэдэг. Тэгээд баримт, санхүүгийн үйл ажиллагаа, бүх зүйл нь хятад хэл дээр, тэрнийгээ авчирч өгдөггүй, шалгуулдаггүй, дутуу хагас өгдөг гээд маш ойлгомж муутай. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй. Өөрсдийнх нь амаар явж байх жишээтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг ус ашиглах зөвшөөрөл байхгүйгээр усыг дураараа ашиглаж байдаг, бохирдуулж байдаг, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гээд хэлэх зүйл олон байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уландаа гишгэсэн ийм л гэрээ байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй байна. Энэ гэрээг хөрөнгө оруулагч талтай хамтарч Монгол Улсад ашигтай болгох шаардлагатай байна. Ашигт малтмалынхаа хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр байгаль орчин, татвартай холбоотой маш олон асуудал байна. Маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг атлаа үр ашиггүй ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Татварын алба акт тавихаар түүнийг нь хүчингүй болгодог. Монголын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн, газрын тосны салбарын үйл ажиллагаа үүнд нэрмээс болж байна. Баялагтай орнууд ядуурдаг парадокс маягийн үзэгдэл гэж харж байна. Энэ асуудалд монголын төр анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор тодорхой чиглэл өгнө" гэлээ.

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.