Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ дүрвэгсдийн дамжин өнгөрөх цэг болсон уу: ОХУ-ын 18171 иргэн манай улсын хилээр нэвтэрч, 17225 иргэн нь өөр улс руу зорчжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 3 секунд
Гэрэл зургийг mpa.mn

"Энэ оны сүүлч гэхэд дайн дуусна. Москвагийн зүгээс Украины зүүн хязгаарт илүү хүч хаях болсноос өөрөөр цэргийн тактик нь өөрчлөгдөөгүй. Путин сандарсан учраас цэрэг татлагаа эрчимжүүлнэ" гэж Украины талаас мэдэгдсэн юм билээ. Түүнчлэн НАТО-гийн орлогч дарга асан Гордон Б.Дэвид Жуниор "ОХУ-д ойрын хугацаанд төрийн эргэлт гарах магадлалтай" гэж мэдэгдсэн нь томоохон дуулиан дэгдээгээд байна.


Тэгвэл энэ бүхнийг батлах мэт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн 45 хоногт хэд хэдэн чухал шийдвэр гаргаад буй.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард 135 мянга гаруй иргэнийг цэрэгт татах зарлиг гаргасан. Ингэхдээ цэргийн алба хаагаагүй 18-27 насны иргэдийг армийн нөөцөд татахаар болсон юм. Гэвч 40 хүртэл насны, цэргийн алба хаах боломжтой эрсийг дахин цэрэгт татна гэсэн мэдээлэл мөн л цацагдаад буй.


Цэрэг татлага эхлэх мэдээлэл цацагдсан даруйд ОХУ-ын цэргийн насны залуус эх орноосоо дүрвэх болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Ялангуяа Монгол Улс дахь Оросууд олширч буй гэх пост цахим хуудаст хөврөх болсон. Тиймээс уг асуудлыг холбогдох албанаас тодрууллаа.

ГИХГ: МОНГОЛД БАЙНГЫН ОРШИН СУУХ ВИЗ ХҮСЭХ ОРОС ИРГЭДИЙН ТОО ОЛШИРСОН

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтэй гадаадын иргэд улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор холбогдох байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Хэрвээ оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргах боломжтой гэж Гадаадын иргэн харьяатын газраас бидэнд мэдээлсэн юм.

Харин ОХУ-ын иргэдийн зүгээс Монгол Улсад оршин суух хүсэлт гаргах асуудалд дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, өнгөрсөн 2021 онд ОХУ-ын 1976 иргэн байнгын оршин суух виз мэдүүлсэн байна. Үүнийг дотор нь задалвал, албан хэргийн зорилгоор 141 иргэн, хөрөнгө оруулагчаар 86, хөдөлмөр эрхлэх зорилгоор 325, гэр бүлийн зорилгоор 629, цагаачлах зорилгоор 590, хувийн ажлаар 128, түр ирэгч нь 29 гэж мэдээлсэн юм.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар энэ тоо 20 орчим хувиар буюу 2407 болж өссөн байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2021 оны хэмжээнд ОХУ-ын 1976 иргэн Монголд оршин суух виз мэдүүлсэн байна.

Гэтэл ОХУ-Украин дэгдсэн сүүлийн хэдхэн сарын хугацаанд ОХУ-ын 2407 иргэн виз манай улсад байнгын оршин суух зөвшөөрөл хүсчээ.Тэгвэл уг тоог баталгаажуулахаар Хил хамгаалах ерөнхий газартай холбогдсон юм.

ХХЕГ: МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ДАМЖИН ГАРСАН ГАДААД ИРГЭДИЙН ТОО ӨССӨН

Монгол Улсад визгүй зорчих боломжтой 60 гаруй улс байдаг аж. Тэдгээрийн дунд ОХУ-ын иргэд 2015 оноос эхлэн Монгол Улсад 90 хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Он тооллоор нь ангилбал, өнгөрсөн 2021 оны хэмжээнд ОХУ-ын 14231 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Тэдгээрээс 14210 нь буцан гарсан бол 21 иргэн нь манай улсад оршин уух хүсэлт гаргаж үлдсэн гэх тоог Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн юм.


Тэгвэл 2022 оны тоон үзүүлэлт өөрийн эрхгүй анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 12-ны өдрийн хооронд буюу тавхан сарын дотор ОХУ-ын 18171 иргэн манай улсын хилээр нэвтэрчээ.

Үүнээс 17225 иргэн нь дэлхийн аль нэг улс руу зорчихоор гарсан байна.

Харин үлдсэн 1000 орчим иргэн нь манай улсад байнгын оршин суух зөвшөөрөл хүссэн эсэх нь тодорхойгүй байна.

Юутай ч, ОХУ-Украины дайн дэгдсэнээс хойш Орос улсад цэрэг татлага эрчимжсэн. Дагаад цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэх болсон. Тэр дундаа Монгол Улсаар дамжиж байгаа, Монголд орос залуус олширсон гэдэг нь оргүй биш бололтой.

Энэ бүхнийг ч дээрх тоо баримт батлан харуулсан биз ээ.

Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь түрүүлжээ
Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь түрүүлжээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.