Хүүхдүүдийн өвчин шаналалыг хуваалцаж, туслах нэрээр элдэв хандив цуглуулж, ашиг олох гэсэн санаархагчид олширсоор байна. Тэгвэл яг ийм нэгэн жигшүүртэй хэрэг гарсан байна.
Энэ талаар өөрөө тулгуур эрхтэний бэрхшээлтэй ч ганц бие охиныхоо сонсголгүй хүүг үрчлэн авч өсгөж буй иргэн Б.Алтанзул ам нээжээ. Түүний зээ хүү нь төрөлхийн сонсголгүй бөгөөд төрсөн эцэг нь хүүгээ гэж хүлээн зөвшөөрөөгүй юм байна.
Дээрх асуудлаар тэрбээр "Анх дурангийн суулгацын хагалгаа хийлгэхээр их хөөцөлдсөн.
Гэтэл тухайн үед 24500 ам.долларын үнэтэйг сонсоод золтой л ухаан алдчихаагүй. Тэгээд элэг, бөөрний донор болоод ч хамаагүй хүүгээ сонсолтой болгохыг хүссэн. Гэтэл дэлүү гэдэг эрхтэн маань ганц эрүүл эрхтэн байна гэсэн. Тэгээд хандив цуглуулъя гэж бодоод "Монгол коммент" нэвтрүүлгийн Билэгээ, Пүүжээ хоёрт хандсан.
Яг тэр үед эх, үрсийн элч дуучин гээд хүн хандивын тоглолт хийж өгье гэж холбогдсон.
Тоглолт болсон. Гэтэл тоглолтын ашиг болох бүх мөнгийг хамж аваад хүү бид хоёрт зөвхөн таксины мөнгө л өгсөн" хэмээв.
Тэгвэл хорвоог сонсохыг хүссэн балчир үрийн мөрөөдлийг булаасан элч дуучин гэгч хэн бэ гэдэг асуулт анхаарал татлаа.
Тиймээс судлаж үзтэл, манай улсад Хүүхдийн элч дуучин, Эх, үрсийн элч дуучин, Хүмүүнлэгийн элч дуучин гээд олны танил болсон хэд хэдэн дуучин байдаг юм байна.
Хэрвээ иргэн Б.Алтанзулын хэлсэн нь үнэн бол сонсголын бэрхшээлтэй хүүгийн мөрөөдлийг хулгайлсан эрхэм дуучин та тэднээс уучлалт гуйж, алдаагаа нэн даруй засах нь зүйн хэрэг биз ээ.