Хөвсгөл аймгийн иргэдийг хамарсан "луйврын" шинжтэй санхүүгийн гэмт хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн “нэмэх даатгал” гэх нэрээр тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгох замаар иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилах замаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй асуудлаар “Бэлтэс Мөрөн” ХХК -ийг шалгаж эхэлсэн юм.
Уг компанийг 2012 оны гуравдугаар сарын 29-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэрийн аав С.Ганбаатар үүсгэн байгуулсэн байна.
Ингээд 2021 оноос эхлэн нэгхэн жилийн дотор компанийн дансаар 227 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсөн байна. Уг мөнгөөрөө гэр бүлийнхэндээ 12 үл хөдлөх хөрөнгө зургаан тээврийн хэрэгсэл худалдан авсан нь мөрдөн шалгалтын явцад илрээд буй. Тэгвэл "Бэлтэсмөрөн" ХХК гэрээ хийсэн иргэддээ зориулан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: "Манай байгууллага ард иргэд, үйлчлүүлэгчдэдээ амласан ёсоор тавдугаарын сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдэд буцаан олголтоо хийхээр төлөвлөж байна. Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан, гэрээ цуцлах хүсэлт гаргасан иргэдийн мөнгийг тавдугаар сарын 25-ны дотор буцаан шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ" хэмээн дурджээ.