Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт Үндсэн хуулиа өөрчлөх ХҮСЭЛ яг үнэнээсээ байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 43 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ сарын сүүл, ирэх сарын эхээр эхлүүлэн наадмын өмнө шинэ Засгийн газрыг байгуулна гэж тооцож байна. Хөгжлийн банкны асуудлуудаараа сайдад зүтгэсэн нөхдүүдийг буланд шахчихсан. Мөн Ерөнхийлөгчтэй ойлголцох асуудал дээрээ бүрэн тохирсон гэх мэдээлэл бий. Ер нь тогтолцоо өөрчилж зөв гольдрол руу явуулах нь зөв ч яг ямар өөрчлөлт хийх нь одоо ч гэсэн ойлгомжгүй хэвээр байна.

Улстөрчдийнхөө араншинг андахгүй болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хүсээд байгаагаас арай өөр замаар "тоглож” мэднэ гэх хар төрөөд байх юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай яриа 2021 оны сонгуулийн дараа л МАН дотор эхэлж гарсан. Ингээд бодохоор бараг жилийн турш "Өөрчилнө, гишүүдийг сайд болгоно" гэж чихэр долоолгох маягтай явж ирлээ. Энэ хэвээрээ хавраа дуусгаад, намрыг давчихвал сонгуулийн өмнөх жил гээд Үндсэн хуулийн өөрчлөлт даший шог болно. Угаасаа Ардын намынхан тун удахгүй Эрдэнэс Монгол тэргүүтэй нүүрс, төмөр замын хэргийг босгож ирнэ. Араас нь сангуудын мөнгийг идэж уусан асуудлыг хөндөнө. Ингээд зун, намрын турш улстөрчдийн зүрхэнд шар ус хуруулсаар дуусна биз. Т.Доржханд гишүүний сая "Улаан бал"-д ороод 10 сарын чуулганы нээлтийн үеэс "Би ҮХНӨ-г анх ярьж эхэлсэн" гэдэг нь худлаа. Угаасаа энэ яриа бүр жилийн өмнө МАН-д эхэлсэн. Бараг анхны дуугарсан хүн нь Н.Энхбаяр шүү. "Засаг тогтвортой байхын тулд Үндсэн хуульд дахин гар хүрч, “ДАВХАР ДЭЭЛ”-ийг сэргээх гэж байна" гэж хэвлэлээр анх ҮХ-иа өөрчлөх гэж буй талаар нийтэлж байв.

Энд нэг логикоор бодьё. Одоо байгаа үндсэн хууль Ерөнхий сайдад хамаагүй ашигтай. Засгийн газар тогтвортой ажиллаж эрх мэдлээ хэрэгжүүлэх баталгаанаас гадна, хууль хяналтын байгууллагын томилгоонд Ерөнхийлөгчөөс ч хүчтэй оролцох боломжийг олгосон байгаа. Өөрт нь ашигтай байгаа эрх мэдлийн хайрцгийг дахин задлах сонирхол улс төрчийнхөө хувьд Ерөнхий сайдад бий юу. Хэрвээ “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж, Үндсэн хуулиа өөрчилбөл тоглоомын гол “хөзөр” гишүүдийн гарт шууд шилжинэ. Сая Засгийн газар хэмнэх гээд тодотгол оруулаад ирсэн чинь УИХ-ын гишүүд бараг төсөв болгоод батлах шахсаныг бүгд харсан байх. Тэд ингэж өөрчилж мэдэх аюултай институт. Яагаад гэвэл хууль тогтоох эрх мэдэл нь гишүүдэд байна. Нэгэнт Үндсэн хуулийн асуудал дахин босоод ирвэл гишүүд “давхар дээл”-ний асуудлаар зогсохгүй нь ойлгомжтой. АТГ-ын даргын томилгоог Ерөнхий сайдаас булаах, сайд нарыг УИХ-аас томилж, огцруулдаг болох, Улсын төсөв батлахад гишүүдэд тавигдсан эрхийн хязгаарлалтыг хүчингүй болгох гэх мэт алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах чимээгүй дажин сэдрэхгүй баталгаа байхгүй. Хэрвээ Ерөнхий сайд ингэж хайрцаг алдагдвал УИХ-ын гишүүд ямар ч том дарга, намын бодлого энэ тэрийг сонсохгүй дүлий дээрээ тавиад амь аминдаа хэрэгтэй шийдвэрийг олонхиороо түрэх аюултай.

Нөгөө талаас гишүүдтэйгээ тохироод танхимынхаа талаас илүүг гишүүд дундаас томилтол нөгөөдүүл нь үгэнд нь орохгүй нийлж огцрох хүсэлтээ өгчихвөл хуулийн дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимаараа огцорно. Энэ үед яаж ч цам харайж, айлгаж дарамтлахад оройтсон байх болно. Энэ мэтээр Үндсэн хуульд гар хүрэхийг Ерөнхий сайд зөвшөөрвөл сахил хүртсэн биш шал дордож Засгийн газрын бүрэн эрх хөндөгдөх эрсдэл өндөр.

Тиймээс Ерөнхий сайд эдгээр эрсдэл, улс төрийн нөхцөл байдлыг үүсч магадгүй гэж тооцвол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн хүсч буй шиг дур зоргоор нь хийлгэх итгэл үнэмшил дотор нь яг үнэнээсээ байна уу гэдэгт эргэлзэж байна. Эсвэл маш хүчтэй "хайрцаг" дор цөөн хэдэн гишүүдийг танхимд багтаах байдлаар зохион байгуулах ёстой. Хэрвээ тэр контролоо алдвал улс төрөө алдана. Гишүүдээр дүүрэн гомдогсод бий. Л.Оюун-Эрдэнэ ер нь бол өөрчлөлт нэр дор олон хүнээ гомдоосон, бас түлхсэн.

Танхимаа бүхэлд нь гишүүн сайдаар дүүргэлээ гээд түүнд ер нь ямар ашигтай юм бэ. Баахан эго, амбицаа дарж чадахгүй хэдэн "дарамтлагчид" л орж ирнэ. Танхим нь хүчтэй харагдах ч ирээдүйд ирэх эрсдэл нь асар өндөр. Тиймээс зарим сайдуудаа сольсон нэр зүүгээд, ганц нэг нөлөө бүхий гишүүдтэй тохироо хийгээд үлдсэнийг нь айлгаад, дарамтлаад явчихвал хамаагүй дээр. Ер нь ЗГ-т гишүүн сайд нарын тоог нэмэх санал санаачилга Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс л тодоор гарч буй. Түүнээс Л.Оюун-Эрдэнийн хүсэл яг мөн үү гэдэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд "Өөрчлөхөөр ярьж буй зүйлсийг багцаар нь хийхийг л дэмжинэ" гэх агуулгыг хэлж байна лээ. Энэ үг бол өөрчилнөө гэх тодорхой үг биш. Харин энэ их хариуцлага нэхсэн түйвээнээр төрийн сайд байтугай төлөг маллахад ч нэмэргүй ганц нэг сайдаасаа салчихаад бусдыг нь хүссэнээрээ “маллаад” явж байх нь улс төрийн геополитикийн хувьд өлзийтэй хувилбар.

Сая гэхэд л дөрвөн гишүүний нэрийг оруулж ирсэн нь Засгийн газартай шууд холбоотой. Хаваржин Засгийн газар УИХ-ыг муухай харагдуулах бүхнийг хийлээ. Ийм байхад энэ хоёр институтийг эв нэгдэлтэй ҮХ-иа өөрчлөнө гэж итгэхэд бэрх л байна.

Тохирооноос буцлаа гээд түүнд алдаад байх зүйл бараг л байхгүй. Тэр ганцхан Д.Амарбаясгалантай л тохирч чадахад 64 гишүүнээ дээр доргүй хага "базна". Яг өнөөдөр Ерөнхий сайдаас ч илүү хүчтэй мест бол эрх баригч Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал. Мөн 2019 оны ҮХНӨ-ийн ачаар Л.Оюун-Эрдэнэ өмнөх Ерөнхий сайдууд шиг амархан огцрохгүй болсон. Түүнийг унагахын тулд эхлээд 19 гишүүн олох хэрэгтэй. Дараа нь чуулганаар хэлэлцэгдэх мөчид нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн саналаа өгч байж огцруулна. Ингээд болоогүй. Арай гэж Ерөнхий сайдыг огцруултал Ерөнхийлөгч хориг тавьчихвал асуудал улам л дордоно. Улмаар хоригийг хүлээж авахгүй гэж 39 биш 51 гишүүн Ерөнхийлөгчийг сөрж зогсох шаардлага үүснэ. Товчхондоо өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаар бол "нэгдүгээр хүн"-тэй ойлголцолтой байхад Ерөнхий сайдыг огцруулах боломж тун хомс.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угаасаа өөрийнхөө тавьсан хүнээс тийм ч амархан салчихгүй. Нутаг нуга, ах дүүсээс эхлээд хөрөнгө санхүү хүртэлх олон зүйл энэ хоёр хүнийг нэгтгэнэ. Харин гишүүдийн хувьд авлига, албан тушаалын асуудлаар даргынхаа халаасанд багтах болно. Өнгөрсөн зунжингаа л тэднийг энэ мэтээр "халаасалж" гүйсээр эцэстээ нэгтгэж чадсан. Сая гэхэд л Л.Оюун-Эрдэнэ намын дүрмээ шинэчилж авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэнийг ч албан тушаал, эд хөрөнгө, эрх чөлөөтэй нь хамт "ачаад" явуулах сүрхий сүрдүүлгийн шинжтэй заалтыг оруулчихна лээ. Ийм байхад одоо Ардын намынхан дунд дур зоргоороо Л.Оюун-Эрдэнийн өөдөөс “А” гэж ангайхгүй ширхэг тэнэг ч олдохгүй.

Ийнхүү Үндсэн хуулиа засаад Засгийн газарт багтах гишүүдийн эрх ашиг. Нөгөө талд нь нэгэнт эрх мэдлээ баталгаажуулсан Ерөнхий сайдын улс төрийн тоглолт гэсэн маш сонирхолтой хоёр хувилбарын аль нэгийг бид тун удахгүй харах болно. Хэрвээ би лав Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оронд байсан бол хоёр дахь хувилбарыг сонгох байлаа.

Ингэвэл хонь нь бүтэн үлдэж, чоно нь цадахын сацуу тугал нь турахгүй хэрнээ эх нь ч эцэхгүй...

Г.Лхагвадорж

Г.Доржханд: Стрессээ удирдаж чадвал харшлаас урьдчилан сэргийлж болно
Г.Доржханд: Стрессээ удирдаж чадвал харшлаас урьдчилан сэргийлж болно
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.