Долларын тэрбумтан Элон Маск Монголд компани байгуулсан билээ. Тэрбээр эл үйлдлээрээ Монголын харилцаа холбооны салбарт шинэчлэл хийнэ гэж мэдээлэл технологийн салбарынхан үнэлж байна. Гэвч харилцаа холбооны салбар хурд, шинэчлэл, далайц шаарддаг салбар. Энэ утгаараа бусдаас түрүүлж хөдөлж, шинийг санаачилсан нь хождог. Тиймээс Элон Маскын компани Монголд үйл ажиллагаа явуулбал дотоодын зарим компанийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй гэж зарим шинжээчид үзэж буй. Харин эдийн засагчдын үзэж буйгаар дэлхийн шилдэг компани Монголд хөл тавьснаар гадаад валютын нөөц нэмэгдэхээс гадна Монголчууд шилдэг өрсөлдөгчтэй болсноор илүү чадавхжина гэж үзэж байгаа аж.
Ямартай ч Элон Маскын 100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” интернет Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэх нь.
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” компани бүртгэгдэж, гүйцэтгэх захирлаар нь Лаурен Эшли Дрейер гэх “Starlink Lithuania”-ийг удирддаг бүсгүй бүртгүүлжээ. Үйл ажиллагааны чиглэл нь бизнесийн зөвлөгөө өгөх, мэдээллийн технологийн үйл ажиллагаа гэнэ. Харин эцсийн өмчлөгчөөр нь алдарт Элон Маск бүртгэгдсэн аж.
Сонирхуулахад,
Тэрбээр 1971 оны зургадугаар сарын 28-нд төрсөн. Өмнөд Африкаас гаралтай. АНУ болон Канадын иргэшилтэй, бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч. Тэрбээр "SpaceX"-ын CEO болон CTO, мөн "Тесла Моторс"-ын CEO, мөн Бүтээгдэхүүн загварчлалын захиралаар ажилладаг. "SpaceX", "PayPal", "Tesla Motors" болон "Zip2" компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн билээ. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Жэфф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн юм.
АМЬДРАЛЫН ТҮҮХ
1971 онд Өмнөд Африкийн Преториа хэмээх газарт, Канад загвар өмсөгч Мэй Маск болон Өмнөд Африкт төрсөн Британи гаралтай Эррол Маск нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр багаасаа л компьютер програмчлалыг сонирхон сурч байсан ба 12 настай байхдаа л Blastar хэмээх видео тоглоомыг бүтээж 500 ам.доллараар зарж байжээ. 1980 онд эцэг, эх нь салсны дараа Маск ихэнхдээ эцэг Эрролын хамт Өмнөд Африкт амьдарсан аж.
1988 онд 17 настайдаа ээжээрээ дамжуулан Канадын иргэншилтэй болсныхоо дараа Канад руу нүүсэн байна. Түүнд Өмнөд Африкаас Канад руу, Канадаас АНУ руу цагаачлах нь амар байсан тул Өмнөд Африкийн цэрэг татлагаас өмнө нүүж амжсан байна.
1992 онд Кингстонд байдаг Хатан хааны их сургуульд хоёр жил суралцаж, дараа нь Пенсильванийн их сургууль руу шилжиж физикийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн юм. Улмаар Вартоны их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй болохын тулд нэг жил үргэлжлүүлэн суралцсан байна. Үүний дараа нь Калифорни руу нүүн Стэнфордын их сургуульд хэрэглээний физикээр докторын зэрэг хамгаалахаар оржээ. Тухайн бүс нутагт интернет, сэргээгдэх эрчим хүч нэлээд хүчтэй дэлгэрч, яригдаж байсан тул бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хоёр хоногийн дараа сургуулиа орхижээ. Харин 2002 онд тэрээр албан ёсоор АНУ-ын иргэн болсон юм.
Анхны гараа: Zip2
Элон Маск өөрийн дүү Кимбэлтэй хамтран Zip2 хэмээх програм хангамжийн компанийг анх нээж байв. Тус компани нь сонин хэвлэлийн салбарт зориулж Интернет “шар хуудас”-ыг зохион бүтээж, зах зээлд гаргасан юм. 1999 онд Compaq компани Zip2-ийг нийт 307 сая доллараар худалдаж авсан нь тухайн үедээ хамгийн том үнийн дүнтэй хэлцлээр тодорч байв. Элон Маск долоон хувь болох нийт 22 сая долларыг хэлцлээс олсноор Dotcom-ын саятнуудын эгнээнд нэгдсэн юм.
X.com болон PayPal
Zip2-ыг зарсны дараахан 1999 оны гуравдугаар сард онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйлд суурилсан төлбөр тооцооны компани болох X.com-г үүсгэн байгуулжээ. Ганцхан жилийн дотор X.com PayPal гэх үйлчилгээг гаргаад байсан өрсөлдөгч Confinity гэх стартап компанитай хүчээ нэгтгэн PayPal нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болов. X.com болон Confinity нар хоёулаа и-мэйл дээр суурилсан төлбөр тооцооны систем хөгжүүлж байсан юм.
Элон Маск X.com-оос илүү PayPal үйлчилгээг илүүд үзжээ. X.com-г Paypal-ын дэд домэйн болгов. X.com болон PayPal-г нэг брэндийн нэрэнд оруулсны дараа Маск албан ёсоор X.com брендийг үгүй болгосон байна. Үүнийг дагаад удирдах зөвлөлийн гишүүн, PayPal-г үндэслэгч Питер Тьелийг түр зуурын гүйцэтгэх захирлаар томилжээ. PayPal-ын эхэн үеийн өсөлт нь Mаскийн эхлүүлсэн кампанит ажлаас ихээхэн хамааралтай байв. 2002 оны аравдугаарсард eBay компани PayPal-ыг 1.5 тэрбум доллараар худалдаж авсан бөгөөд үүний 250 сая доллар нь Маскад оногдсон юм.
Мөрөөдлийн гараа: SpaceX
2002 оны зургадугаар сард Элон Маск өөрийн гурав дахь компани Сансрын Хайгуулын Технологи буюу SpaceX-г байгуулсан юм. Тэрбээр Калифорни мужийн Хавтхорнед байрлах уг компанийн CEO болон CTO үүргийг давхар гүйцэтгэж байлаа. SpaceX пуужингийн технологийг сайжруулан хөгжүүлэхэд төвлөрөн сансрын хөлөг зохион бүтээн, үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байв. Компанийн хөөргөсөн эхний хоёр пуужин Falcon1 болон Falcon9 бөгөөд анхны сансрын хөлөг нь Dragon нэртэй байсан юм. SpaceX-г сансарын пуужин, хөлөг үйлдвэрлэдэг анхны хувийн компани гэж хэлж болно.
2008 оны арванхоёрдугаар сарын 23-нд SpaceX компани НАСА–тай ОУСС уруу ачаа хүргэх Falcon 9 пуужингийн 12 нислэгийн гэрээ хийв. Ингээд 2011 онд Олон Улсын Сансрын Төв Space Shuttle сансрын хөлөг онгоцыг акталж, оронд нь Dragon хөлөг онгоцыг ашиглахаар болжээ. Тухайн үед SpaceX нийт 1.6 тэрбум долларын гэрээг хийсэн аж. Falcon9 болон Dragon нь ачаа тээшийг тээвэрлэхэд зориулагдсан бол харин сансрын нисгэгч, судлаачдыг Оросын Союз хөлөг онгоцоор тээвэрлэдэг байсан юм.
Элон Маск ”Сансар судлал нь хүний амьдралын хөгжил дэвшлийн томоохон алхам” гэж үздэг нэгэн бөгөөд түүний энэ үзэлд Исаак Асимовийн “Сан” цуврал ихээхэн нөлөөлсөн байна.
Автомашины салбар дахь шинэ эрин үе: Тесла Моторс
Тесла Моторс компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг нар үүсгэн байгуулсан юм. Элон Маск 2004 онд тус компанид А шатны хөрөнгө оруулалт хийж компанитай холбогдсон байна. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компанийн CEO болон бүтээгдэхүүн загварчлалын дарга болж, компанийн бүх удирдлагыг гартаа авсан бөгөөд одоог хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байна. Тесла Моторс нь анх Roadster (хоёр хаалгатай, дээвэр нь онгорхой уралдааны загварын машин) хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж байлаа. Харин 2012 оны зургадугаар сард хоёр дахь машин болох седан загварын дөрвөн хаалга бүхий Model S загвараа гаргасан билээ.
Дэлхийн дулаарлын эсрэг: SolarCity
Элон Маск SolarCity-ийн санааг гаргаж, түүний үеэл ах Лейндрен болон Петер Райв хоёр үүсгэн байгуулж байв. Мэдээж хэрэг Маск тус компанийн хөрөнгө оруулагч болон удирдах зөвлөлийн гишүүн юм. SolarCity бол Америкийн Нэгдсэн Улсад нарны хавтан борлуулалт, суурилуулалтаараа хамгийн томд тооцогдох компани юм. SolarCity болон Теслаг үүсгэн байгуулах болсон үндсэн шалтгаанаа тэрээр дэлхийн дулааралтай тэмцэх явдал хэмээн тайлбарладаг юм.
Түүний энэ бүх амжилтууд бүгд мөрөөдлөөс нь эхтэй. Мөрөөдөлдөө хөтлөгдөн Африкаас гараагаа эхэлсэн хүү цахим төлбөр тооцоог хялбарчилж, сансар судлалыг хөгжүүлж, цахилгаан машин бүтээж бидний амьдралыг улам л хялбар болгосоор байна. Тэр бол XXI зуунд төрөн гарсан шилдэг энтрепренерүүдийн нэг яах аргагүй мөн билээ.