Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар сайд сая хүрэхгүй төгрөгийн зардлаар явах Хөвсгөл рүү онгоц хөлөглөж 27 саяыг зарцуулсан уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

Хэмнэлтийн тухай хууль батлагдаж, дарга нар том оврын автомашин унах эрхээ хасуулсан. Энэ хүрээнд хөдөө орон нутагт томилолтоор явахдаа автомашин түрээслэхээр болсон юм. Харин үүнийг нь зарим дарга, сайд нар ташаа ойлгосон бололтой. Үүнийг ч батлах мэт Х.Нямбаатар сайд "Төрийн хэмнэлтийн тухай" хууль яригдаж эхэлснээс хойш хоёр ч удаа онгоц хөлөглөн орон нутагт албан томилолтоор ажиллалаа. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд томилолтоор явахдаа онгоц хөлөглөсөн нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Тодруулбал, Х.Нямбаатар сайдын айлчлал хийж байх үеийн гэрэл зурагт буусан онгоц нь "Геосан" гэх компанийн СЕSSNA GRAND CARAVAN 208B загварын захиалгат нислэгийн онгоц байсан. Онгоцны үнийн мэдээллийг тус компаниас тодруулахад "Нэг цагийн төлбөр 1760 ам.доллар буюу Монгол мөнгөөр 5 сая 500 мянга орчим төгрөг байдаг" гэв.

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу нэг талдаа 2 цаг гаран нислэг үйлддэг ба ирж очих нийт хугацаа 5 цаг болдог байна. Эндээс Х.Нямбаатар сайд Хөвсгөл аймаг руу явахдаа зөвхөн онгоцны зардалд 27 сая төгрөг зарцуулсан гэх тооцоолол гарч байна.

Тус айлчлалын тээврийн зардлыг хүчин чадал өндөртэй, тансаг зэрэглэлийн автомашинаар тооцвол, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум нь хотоос 840 км зайд оршдог. Ланд-200 маркийн авто машинаар энэ зайд зорчиход хоёр талдаа нийт шатахууны зардалд 831.300 мянга орчим төгрөг зарцуулах юм. /Шатахууны үнийг зах зээлийн үнээр тооцов/

Магадгүй, төрийн байгууллага гэдэг утгаараа хямдрал, урамшуулал эдэлдэг байж болох ч Хөвсгөл рүү нислэг үйлдэхдээ зарцуулах 27 сая төгрөгийг хэдэн төгрөгөөр хямдруулж чадах вэ. Мэдээж автомашинд зарцуулах зардлаас хэмнэлттэй байж чадахгүй.

Тэгэхээр Х.Нямбаатар сайдын зардал өндөртэй энэ томилолтоос харахад төрийн хэмнэлтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрүүд зөвхөн цаасан дээр цохогдсон гэхэд хилсдэхгүй.

Нислэгийн зардлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэвлэлийн төлөөлөгч, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нараас тодруулахаар холбогдсон боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.