Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрхангай: Гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл харуулсан уран бүтээл, кино контент хүчирхийлэл үйлдэхэд ихээхэн нөлөөлдөг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 36 секунд

Сүүлийн жилүүдэд аливаа нэг гэмт хэргийн талаарх мэдээг албаны эх сурвалжаас нь тодруулахгүйгээр цахим орчинд шууд түгээх замаар хүний эрхийг ноцтой зөрчих болсон билээ. Хамгийн гол сэтгэл эмзэглүүлмээр зүйл нь ийм үйлдлийн хохирогчдоор гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон охид эмэгтэйчүүд зонхилох болсон. Тэгвэл ХЭҮК-оос анхааруулснаар сэтгүүлч, сэтгэгдэл бичигч гэсэн хоёр талбарыг цахим хэрэглэгчид ялгаж ангилж чадахгүйгээс болж ийм нөхцөл байдал үүсч буйг онцолсон байдаг. Тиймдээ ч ЮНЕСКО-гоос сэтгүүл зүй цахим дайралтад өртлөө гэж анхааруулж, яг энэ агуулгаар жил бүрийн тавдугаар сарын 3-ний өдөр тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг уг сэдвийн дор тэмдэглэхийг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан уг сэдвийн хүрээнд шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэрэгтнийг олон нийтийн өмнө зарлах нь ямар хор уршигтай болон тухайн гэмт хэргийн мэдээллийг заавал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаар цацах шаардлагатай эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

-Цахим хэрэглээ өсөхийн хэрээр тухайн гэмт хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн мэдээлэл олон нийтэд задрах нь түгээмэл боллоо. Ийм байдлаар мэдээллийг олон нийтэд мэдээлэх нь нийгэмд ямар нөлөөлөл үзүүлдэг вэ?

-Юуны өмнө Сэтгүүл зүйн салбарынхандаа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй байх, аливаа асуудалд хүндэтгэлтэй ханддаг болохыг илэрхийлье.

Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Цагдаагийн байгууллагаас хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрсөн хэмжээнд зарим тохиолдолд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад хэргийн талаар товч мэдээлэл өгдөг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар албаны бус эх сурвалжаас олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүргэснээр хувь хүн, хуулийн этгээдийн нууц алдагдаж тухайн гэмт хэргийн улмаас хохирсон болон холбогдсон иргэдийн нэр хүнд, эрх, эрх чөлөө зөрчигдөх, ялгаварлан гадуурхалд өртөх гэх мэт олон төрлийн сөрөг нөлөөлөл үүсэх магадлалтай байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана, мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байж, холбогдох баримт бичгийг хамгаалах арга хэмжээ авна, мөрдөгч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд нууцыг задруулахгүй байх үүргийг сануулж, бичгээр баталгаа гаргуулна, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно гэж тус тус хуульчилсан байдаг.

Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хэвлэл, мэдээллийн байгууллагад “Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай болон гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно” гэж хэвлэл, мэдээллийн байгууллагад үүрэг болгосон байдаг. /32 дугаар зүйл/

-Яг ийм байдлаас болж гэрч болон хохирогчийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан бодит явдал бий юү?

-Цагдаагийн байгууллагаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч болон хохирогчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсч болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд Прокурорын шийдвэрээр хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 103 хүний аюулгүй байдлыг эрсдэлгүй хамгаалсан.

-Тэгвэл гэмт хэрэгтэн оргон зайлах, гэмт хэргийн ул мөрөө баллах цаашлаад амиа хороох зэрэг нөхцөл байдал үүсч байсан уу?

-Зарим онцлог хүнд гэмт хэргийн мэдээллийг цахим орчин, нийгэмд шууд мэдээлэх нь нийгмийн сэтгэл зүйд айдас төрүүлэх муу талтайг хэн бүхэн мэднэ.

Нөгөө талаас аливаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн алба хаагч хуулийн дагуу тогтоож нийгэмд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх агуулга, утга санааг оруулж түгээх нь маш чухал.

Шууд шүүлтүүргүйгээр түгээх нь бусдад сэдэл болох, ижил төрлийн илрээгүй гэмт хэрэг, зөрчлийг нуугдмал байдалд оруулах, улам далдлах санаархлыг үүсгэх магадлалтай тул гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоож дээрх үүсэж болох эрсдэлийг тооцож эрх бүхий алба хаагчид мэдээллийг нэг урсгалаар түгээдэг.

-Гэмт хэргийн мэдээллийг олон нийтэд албаны эх сурвалжийн албан мэдээгүйгээр шууд цацах нь цаашид гэмт хэрэг дахин үйлдэгдэх, бусдад сэдэл өгөх нөхцөл байдлыг бий болгох боломжтой юу?

-Гэмт хэргийн талаарх мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягтлалгүй, албаны эх сурвалжаас өмнө мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа нь бодит бус мэдээллийг иргэдэд хүргэж улмаар албаны эх сурвалжаас хүргэсэн үнэн бодит мэдээллийг иргэд үгүйсгэх, мэдээллийн үнэ цэнийг алдагдуулдаг.

Мөн дээр хэлсэнчлэн урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх утга санаа оруулаагүй, эрсдэлийг тооцоогүй мэдээллийн нэгэн адил гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл харуулсан уран бүтээл, кино контент ч бас хүчирхийлэл үйлдэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг талаар кримонологичид үздэг.

Ийм учраас хүчирхийлэл харуулсан аливаа уран бүтээлд насны хязгаар, хориглох заалт байдаг шиг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шууд түгээх нь эрсдэл дагуулдаг нь ойлгомжтой асуудал юм.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг, хориглох зүйлийн тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, мэдээ, мэдээллийг нэвтрүүлэхийг хориглосон байдаг.

Талийгаач Оrice буюу М.Алтан-Оргилд зориулж 200 ширхэг мод тарина
Талийгаач Оrice буюу М.Алтан-Оргилд зориулж 200 ширхэг мод тарина
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.