Ардын намын улс төр түр амс хийх зуур Ардчилсан намын улс төр бүлгийн даргаа солих хэрүүлээр үргэлжлэх гэж байна. Өнгөрсөн жилээс хойш Д.Ганбатыг бүлгийн даргын суудлаас нь хоёр ч удаа татаж унагах гэж оролдоод Женкогийн тал бүтэлгүйтсэн. Үүнийх нь гороор гишүүд нь талцаж, нэр хүнд нь унаж бүлэг нь бүлэг биш бөөн хэрүүлтэй хүмүүс болж хувираад байгаа.
Тэгвэл энэ удаад бүлгийн дарга Д.Ганбат руугаа гурав дахь удаагаа дайрахаар бэлтгэлээ базаажээ. Энэ нь магадгүй сүүлийн дайралт байх болов уу. Бүтэлгүйтвэл дараагийн боломж гэж бараг л үгүй байхгүй. Учир нь С.Эрдэнэ талынхан өнгөрсөн баасан гарагт ҮХБ-ны гишүүдээ шинэчилсэн. Удахгүй шинэ даргаа сонгох ажлыг эхлүүлэх гэж байна. Үүнээс урьтаж УИХ дахь АН-ын бүлгийг нь Х.Баттулга талынхан салгаж авах, эс чадваас самарч хаях хэрэгтэй болсон.
МАН-ыг яая гэж байхад энэ АН-ынхан бас зовлонтой улс юм. Улстөржихгүй, нэг нэгнийхээ араас “хутга зоохгүй” бол нойр нь хүрдэггүй бололтой. Нөгөө МАН-гарууд нь ч араас нь сайхан “сумлах” юм.
Гол асуудалдаа оръё. Товчхондоо АН-ын бүлэг бодитоор гурав хуваагдчихсан байгаа. Нэгдүгээрт, С.Эрдэнэ буюу тамгатай талынхан. Энэ хэсэгт бүлгийн дарга Д.Ганбат, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар багтана. Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар ерөнхийдөө дундыг барьж байгаа хэдий ч хууль С.Эрдэнийн талд байгааг хамгийн соргогоор мэдэрч буй тул 2024 оны улс төрөө бодож буй. Харин нөгөө хоёр нь С.Эрдэнээс салбал нэг нь замгүй, нөгөөх нь дүүрэггүй болно.
Хоёр дахь хэсэг нь Х.Баттулгын талыг баримтлагчид. Үүнд А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Б.Бейсен, Ц.Туваан, О.Цогтгэрэл нар багтана. Энэ тавыг яаж ч эргүүлэх гээд Женко талаасаа урвахгүй. Өөрөөр хэлбэл бүлгийн дарга Д.Ганбатыг унагах үйл явцын гол ажлыг нугална. Гурав дахь хэсэг нь Х.Баттулгын мөрөөр явж байгаад замын дундаас буцсан Н.Ганибал, Ж.Батсуурь хоёр. Өмнө нь О.Цогтгэрэлийн талд намирч байсан ч өнгөрсөн сунгаанаас хойшоо хуулийн хүрээнд гаргалгаагүй болсныг мэдэрсэн Ж.Батсуурь Х.Баттулгаас дөлж эхэлсэн. Мэдээж Ж.Батсуурь хаана, Н.Ганибал тэнд. Хэрвээ тэд С.Эрдэнэ талд байгаа Д.Ганбат талыг очоод налвал тооны харьцаа 6:5 болно.
Эдгээрээс дээр АН-ын бүлгийн албан бусчууд орж ирж хэрүүлийг улам өрдөнө. Үүнд бие даагч статустай Н.Алтанхуяг, эвслийн гаралтай С.Ганбаатар нэмэгдэнэ. Тэд яг үнэндээ санал өгөх боломжгүй. Бүлэгтээ аваагүй гэдгээ одоогоор бүлгийн дарга Д.Ганбат аль дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл хашааны завсраар орилохоос өөр арга мань хоёрт байхгүй.
Одоо хамгийн заваан хэсэг нь эхэлнэ. Бүлгийн даргын асуудлыг шийдэх гээд хоёр талд гарч алалцсан этгээдүүд санал өгөх гэтэл Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нар санал өгөх эрхгүй. Учир нь Д.Ганбат энэ гурвыг өнгөрсөн намар бүлгээсээ хөөчихсөн. Ингээд Д.Ганбатыг бүлгийн даргаас ховхлох ажил гурав дахь удаагаа амжилтгүй болох магадлал асар өндөр болно. Энэ удаад чадахгүй бол Д.Ганбатыг огцруулах ажиллагаа бараг л дахиж сөхөгдөхгүй. Энэ хэвээрээ сажилсаар дараагийн сонгууль хүргэх байх. Энэ хооронд нь сөрөг хүчин байх ёстой бүлэг нь бодлого ч байхгүй, нэгдэл ч байхгүй. Бүлэг ч биш бөөн хүмүүсийн нэгдэл хэвээрээ л үлдэнэ. Уг нь АН сэргэвэл МАН сайжрах юмсан. Яалтай билээ.
Г.Лхагвадорж