Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилох шийдвэр гарсан. Түүний хувьд өчигдөр /2022.04.15/ үүрэг ажлаа хүлээн авчээ. Тэрбээр "Бидний амьдралд тохиож буй түүхэн хүнд үе болох дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос Украйны дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, үнийн өсөлт оргилдоо хүрсэн цаг үед энэхүү хариуцлагатай албанд томилж буй нь Монгол Улсын Засгийн газраас хүлээлгэж буй нөр их итгэл, өндөр хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно.
Манай байгууллага нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Мөн өчигдөр батлагдсан ГОЛ НЭР ТӨРЛИЙН ЗАРИМ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛООС СЭРГИЙЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж ажиллах болно.
Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалагдсан, зах зээлийн чөлөөт, шударга өрсөлдөөний таатай орчин бүрэн хангагдсан нийгмийг цогцлоох бидний ажилд хүч өгч, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, мэдээллээр хангаж ажиллахыг та бүхнээсээ хүсье" гэжээ.