Говь-Алтай аймаг дахь байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолборыг хувьчилсан байж болзошгүй талаарх мэдээлэл гараад байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог тус амралтыг 2021 оны 12 дугаар сарын 27-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гаргажээ. Тухайн тогтоол дуудлага худалдааны доод үнийг 815.131.832 төгрөгөөр тогтоосон аж.
Дуудлага худалдааг өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан ба нэг тэрбум гаруй төгрөгөөр худалдсан бөгөөд Завхан аймгийн харьяат АН-ын нөлөө бүхий улс төрч авсан хэмээн дурджээ.
Сонирхуулахад, амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаантай. Энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газар 1960-аад оноос автомашины зам засч, аймгийн нэгдлүүдийн дундын хүч хөрөнгөөр амралтын газар байгуулж малчдыг амруулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж, даруй 62 жилийн нүүр үзэж байсан аж.
Эх сурвалж: Govialtainews.mn