Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААЛТТАЙ ХУРАЛ: Ерөнхий сайд буруутай бол ялаа ав, буруугүй бол бүрэн эрхээ сэргээлгэ гэж хатуурхаж, гишүүд сайдуудтай хариуцлага ярихаа САНУУЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 10 секунд
ГЭрэл зургийг mpa.mn

УИХ дахь бүлэг бол аливаа намын улс төрийн баздаг гол “уураг тархи” нь байдаг. Тэгвэл өчигдөр хагас өдрийн турш хуралдсан МАН-ын “бүдүүн” бүлгийн хурал улс төрийн хүрээнийхний анхаарлыг зүй ёсоор татсан юм. Хурлаар үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, цаашид өрнөх эдийн засгийн хүндрэл, гарц шийдлийг хэлэлцэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “бүдүүн” бүлгийн уур амьсгал төдийлөн сайхан байгаагүй бөгөөд хэд хэдэн асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ.

Жагсаал зохион байгуулсан “ЭЗНИЙГ” дотроос хайв

Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн жагсаал цуглааны асуудлыг “манайхан” зохион байгуулсан гэх хардлагыг Ж.Мөнхбат тэргүүтэй хэд хэдэн гишүүд сөхжээ. Тэд Засгийн газар нэрээ бүтэн авч үлдэхийн тулд УИХ-ыг “шавартай” хутгаж болохгүй онцолсон байна. Цаашдаа энэ маягаар Их хурал, гишүүдийн нэрийг унагаад байвал төр ч, нам ч хол явахгүй гэх байр суурийг илэрхийлжээ.

Үүнтэй нь зэрэгцэж ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн залуучуудын жагсаалыг Ардчилсан нам, Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулаагүй гэдгийг онцолжээ. Олон гишүүд түүний үгийг жагсаал зохион байгуулсан хүмүүст хандсан хэмээн тодорхойлж, Х.Нямбаатар зэрэг хүмүүсийг дотроо сэм хардаад амжсан гэнэ. Ер нь гишүүдийн хардаж буй үйлдэл үнэний ортой. Жагсаалын гол цөм нь залуус байсан хэдий ч “Хөгжлийн банк, гишүүдэд хариуцлага тооцох, “Сахал” Эрдэнэбилэгийг өрийг нь төлүүлэх” зэрэг сэдвүүдийг Ардын намын НАМЗХ-ны залуучуудын зүгээс жагсаалын үеэр зүтгүүлж байсан. Ямар сайндаа л НАМЗХ-ны залуучууд дүүрэг, дүүргээс цуглуулсан залуучуудыгаа жагсаал хийж буй залуусын төлөөлөл гэж нэрлэн Соёлын төв өргөөнд Ерөнхий сайдтай уулзуулах гэж байгаад бүтэлгүйтэх вэ дээ.

Прокуророос түдгэлзүүлэхээр нэр нь орж ирвэл бүлэг улс төрийн “хамгаалалт” хийхгүй

Бүлгийн хурлаар ярьсан дараагийн чухал асуудал бол Хөгжлийн банк болон бусад эрүүгийн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг эргүүлэн татах асуудал юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг бүлгийн хурлаар ярилцсан юм. Хэд хэдэн гишүүд хууль зүйн хүрээнд гацаанд орох үйлдэл хийсэн гэж шүүмжилхээс гадна, бүлэг болон гишүүдтэйгээ зөвлөхгүйгээр бие дааж шийдвэр гаргасанд нь түүнийг буруутгах хандлага үзүүлжээ.

Мөн Ерөнхий сайд хэрвээ прокурорын байгууллагаас зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах шаардлагатай гэсэн бичиг албан ёсоор орж ирвэл хамгаалахгүй гэх улс төрийн байр суурийг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэрс нь орж ирвэл түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд хуулийн байгууллагад шалгуулаад гэмтэй, гэмгүйгээ тогтоолгоно гэсэн үг. Хэрвээ хэрвээ холбоотой нь тогтоогдвол зохих ял шийтгэлээ авах. Үгүй бол нэрээ цэвэрлээд гишүүний бүрэн эрхээ сэргээлгэ гэх үгийг Ерөнхий сайд унагасан байна. Бүрэн эрх түдгэлзүүлэхтэй холбоотойгоор генсек Д.Амарбаясгалан нам хамгаалах байр суурь баривал бид 2024 оны сонгуульд тун хэцүүхэн байдалтайгаа оролцоно хэмээн онцолж байсан гэнэ.

Гишүүд нь Г.Занданшатар даргаа “зэмлэв”

Бүлгийн хурал дээр өөр нэг сонирхолтой улс төр өрнөсөн нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг олон гишүүд “баалсан” явдал юм. Улс орны нөхцөл байдал хүнд үед спикерийн бодлогогүй хэлсэн үгнээс болж нийгмийн бухимдал улам эрчимжив. Үүнийхээ араас гишүүдтэй ч зөвлөхгүйгээр унаа тэрэг, зардал хөрөнгөтэй асуудлыг танаж, хасах асуудлыг бие дааж шийдлээ гэх агуулгыг Б.Жаргалмаа гишүүнээс эхлээд хэд хэдэн гишүүд илэрхийлжээ.

ЗГ асуудалд энэ маягаараа хандвал сайд нартай хариуцлага ярина

Ер нь өчигдрийн бүлгийн хурлыг нарийн анзаарвал УИХ болон ЗГ гэх хоёр туйлаас асуудалд хандах нь элбэг байсан гэдгийг эх сурвалжууд онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, олон гишүүн жагсаалыг “гал”-ыг зохион байгуулалттайгаар УИХ, гишүүд рүү чиглүүллээ. Засгийн газар төсвийн тодотгол, үнийн асуудлаа эртхэн ярьсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй гэх зэрэг үгсийг унагаж байжээ.

Зарим хуульч гишүүд ийм байдлаар асуудал ярих гэж буй бол ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрын гишүүн, сайд нарын асуудлыг ярих болно хэмээсэн байна. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд гэдэгтээ Л.Халтар тэргүүтэй хэд хэдэн сайдуудын нэрс онцлон дурджээ.

Засгийн газар, УИХ-ын гишүүдийн сөргөлдөөн үүгээр дуусаагүй бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар нар төсвийг тодотгоно, тодотгохгүй гэж маргасан гэнэ. Хуучин шинэ хоёр Сангийн сайд чамгүй мэтгэлцсэн бөгөөд эцэст нь бүлэг олонхоороо төсөв тодотгол хийнэ гэдэг улс төрийн шийдвэр гаргасан юм. Ер нь Сангийн сайдынхаа бодлогыг байнгын хороон дээр Ч.Хүрэлбаатар унагадаг, УИХ дээр баалдаг байдал үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ.

Ийнхүү Ерөнхий сайд, УИХ-ын дарга, генсек тэргүүтэй удирдлагууд нь оролцсон МАН-ын бүлгийн хурал ийнхүү өндөрлөжээ.

Г.Лхагвадорж

АЖЛЫН ХЭСЭГ: Дарханы замын асуудлаар хуралдана
АЖЛЫН ХЭСЭГ: Дарханы замын асуудлаар хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.