Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улс оронд амаргүй нөхцөл байдал үүсэж байна. Үнийн өсөлт гэрлийн хурдаар нэмэгдэж байна. АН-ын бүлгийн зүгээс төсөв батлах үед бодлогын алдаа байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Одоо үүсэж буй нөхцөл байдлыг эдийн засгийн бодлогын алдааны шууд үр дүн гэж үзэж байна. Мэдээж гадаад нөхцөл байгаа хэдий ч энэ бол шалтгаан биш шалтаг. Бид УИХ, ЗГ-т бүх эрх мэдлийг өгсөн. Дахиж ямар эрх УИХ-аа шаардаад байгааг ойлгохгүй байгаа. Бидний зүгээс ковид дууссан учир "Цар тахлын хууль"-ийг зогсоохыг удаа дараа хэлсэн.
Хэдийгээр бид хэмнэсэн ч эдийн засгийн том хүндрэлээс гарч чадахгүй. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд орлогын талдаа илүү анхаарал хандуулж, реформын чанартай зүйлүүдийг хийх хэрэгтэй байна.
Ханш өсөж, мөнгөний хүү нэмэгдсэн нь ЗГ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд ямар ч үр дүнгүй байсны үр дүн гарч байна. "10 их наяд" хөтөлбөр хэрэгжүүлэхэд л анх хэлж байсан. Өмнөх "5-н их наяд" хөтөлбөрийнхөө үр дүнг хэлэлцэж, алдаа оноог яръя гэсэн болов хэлэлцээгүй. Мөн одоо хэрэгжиж буй "10 их наяд" хөтөлбөрийн тайланг тавиагүй байна. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо.
Энэ бүгдийг дүгнэвэл бодлогын алдаагаа давтах гэж байна. Хууль батлуулах ямар ч шаардлагагүй, УИХ-ын түүхэнд ийм хууль орж ирж байсныг санахгүй юм байна. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байна" гэв.