“Эм Эм Ар Ай” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. "Эм Эм Ар Ай" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , геологич Б.Батсайхан "Одоогоос 9 жилийн өмнө буюу 2013 онд тухайн үеийн АМГТГ-ын дарга холбогдсон хууль бусаар, сонгон шалгаруулалттгүй 106 лицензийн хэрэг шүүхээр шийдэгдэж байсан. Улмаар хэд хэдэн хүн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар энэ лицензүүдийг бүгдийг нь цуцлаад, хууль бусаар олгосон, авсан хүмүүст ял шийтгэл оногдуулсан. Манай компани тухайн үедээ хайгуулын 3 тусгай зөвшөөрөл, мөн ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулж байгаад шүүхийн шийдвэрээр цуцлагдсан.
Улмаар 2014 онд ЗГ-аас тогтоол гаргаж, тусгай зөвшөөрөл авсан ч албан тушаалтнуудын буруугаас болж, нөгөөх нь цуцлагдаад хохирсон компаниудын хохирлыг яаж барагдуулах вэ гээд тусгай журам гаргасан. Манай байгууллага энэ журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод 3 тусгай зөвшөөрлөө сэргээсэн. Харин 4 ашиглалтын зөвшөөрлийг өдий болтол тусгай сонгон шалгаруулалтад оруулаагүй байна. 7 жил өнгөрлөө. Бидний зөвшөөрлийг удахгүй сонгон шалгаруулалтад оруулна гээд л хүлээлгээд байгаа хэрнээ хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг огт цуцлаагүй байгааг олж мэдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани болох "Инфинитиспэйс" ХХК болон "Болд төмөр Ерөө гол", " Өсөх зоос" гэхчилэн компаниуд нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хуучин авсан тусгай зөвшөөрлөө хууль бусаар үргэлжлүүлэн эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд сонгон шалгаруулалтанд орох ёстой" гэлээ.