"Монголдоо сайхан амъдрая" уриатай жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд болсон. Жагсаал шөнийн 04.00 цаг үргэлжилж, сүүлдээ эмх замбараагүй байдал үүсчээ. Улмаар цагдаагийн албан хаагчид иргэдийг саатуулахдаа хүч хэрэглэж, чирж гулджан зодож авч яваа нь хэвлэлийнхний камерт өртсөн байна.
Энэ талаар ЭЦА-наас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал "Өчигдөр залуус Сүхбаатарын талбайд жагслаа. Ингэхдээ жагсаал цуглаан зохион байгуулах журмын дагуу урьдчилж мэдэгдэж, зөвшөөрөл авсан жагсаал биш. Гэхдээ залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг чөлөөтэй олгосон. Өчигдөр 18.00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залуустай уулзаж, шаардлагыг нь хүлээн авсан. Энэ үеэр залуучууд ХЗДХ-ийн сайд руу лааз, ус ундааны сав, талх шидэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр нэг эмэгтэй толгой хагарсан. Тиймээс жагсагчдад эмх замбараатай жагсахыг сануулсан.
19.00 цагаас хойш жагсагчдын байдал солигдсон. Өдөр үзэл бодлоо илэрхийлж байсан залуусийн дийлэнх нь явж, бусдыг өдөөн турхирсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн залуус бий болсон. Сүүлдээ цагдаагийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй асуудал үүсгэсэн. Жагсаал цуглаан намжихааргүй болж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд залуучууд олноор цугларсан. Залуусыг тарахыг шаардсан ч Их тэнгэрт жагссан, Төрийн ордон руу орохоор дайрсан. Цагдаагийн албан хаагчдын эрх чөлөөнд халдаж, тархи толгойг нь хагалсан.
Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч, жагсаал цуглааныг тараасан" гэлээ.