Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал нөхрөө сургуульдаа ажилд авч, улмаар нөхөр нь сурагчийн биед халдаж зодсон талаар тус сургуулийн сэтгэл зүйч н.Болорцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай сургуулийн захирлын нөхөр нь сургуульд орос хэлний цагийн багшаар ажилладаг. Улмаар гуравдугаар сарын 9-ний өдөр хичээлийн цагаар сурагчид бие махбодийн хүчирхийлэл үзүүлсэн. Сурагчийг өшиглөж, цохисон. Улмаар өмд нь урагдсан. Хүүхэд хэсэг газар хэвтэж байгаад ангиасаа уйлаад гараад явсныг ангийнх нь хүүхдүүд гэрчилсэн. Сурагчид "Үеийн хүнтэйгээ зодолдож байгаа юм шиг зодсон. Бид их айсан. Өмнө нь ч зодсон. Ер нь их ууртай. Биднийг хүчтэй нясалдаг" хэмээсэн.
Сурагчийг яагаад зодсон талаар ангийнхнаас нь асуухад "Сандал дээрээс цүнхээ авах гэж байгаад сандлыг санаандгүй унагаасан. Үүнээс болж багш уурлаж ирээд хамаг хүчээрээ зодсон" гэсэн.
Харин хүүхдийн ээж хэлэхдээ "Хүүхэд маань уйлсаар гэртээ орж ирсэн. Болсон явдлыг тодруулахад, Орос хэлний багш зодсон гэж хэлсэн. Хүү маань тэр оройноо халуурч, дахиж хичээлдээ явахгүй гэсэн. Ингээд гуравдугаар сарын 9-нөөс гуравдугаар 25-ныг хүртэл хичээлдээ яваагүй. Харин захирал эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгье гээд Хаан банкны данс руу шилжүүлсэн байна лээ. Мөн манай нөхрөөс уучлал гуйгаарай гэж ээжид нь хэлээд ээж нь айсандаа уучлал гуйсан байна" гэлээ.