Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Цогзолмаа: Нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

“Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал асуудал шийдэл” хэлэлцүүлэг өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд болж өндөрлөлөө. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Нэг ангид дунджаар 28-30 хүүхэд хүмүүжиж байгаа. Нийслэлийн хэмжээнд хоёр настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь, гурван настай 35.832 хүүхдийн 66.5 хувь, дөрвөн настай 44.763 хүүхдээс 85.3 хувь, таван настай хүүхдүүдийн 88.2 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. 4-5 настай хүүхдүүд бол сургуульд орох бэлтгэл үе тул тэднийг илүүтэй хамруулах бодлого барьж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд зургаан хорооны цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар 21 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй” гэсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод түр оршин сууж буй гэр бүлийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахгүй үлдэх нь бий. Цэцэрлэгт хүмүүжиж байгаа нийт хүүхдүүдийн 3.2 хувийг түр оршин суугч эзэлж байна. Мөн тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг нягтлан цэгцлэхийн чухлыг тодотгосон. Улаанбаатар хотод нийт 276 цэцэрлэг байгаагаас 57 цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдээ бүрэн хамруулж чадахааргүй, ачаалал өндөртэй ажилладаг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гэхэд төрийн өмчийн 52 цэцэрлэг байгаагаас 19 нь ачаалал өндөртэй ажилладаг аж. Хан-Уул дүүргийн 10, Сонгинохайрхан дүүргийн есөн цэцэрлэгийн хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдийн тоонд хүрэхээргүй ачаалалтай ажиллаж буй юм. Тиймээс эдгээр 57 цэцэрлэгт голчлон анхаарч ажиллаж эхэлжээ. Цэцэрлэгийн өргөтгөл барих, ойролцоох ачаалал багатай цэцэрлэг рүү хүүхдүүдийг шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хийж байгаа ч цаашдаа хамран сургах тойргийг шинэчлэн, оновчтой байдлаар тогтоох, цэцэрлэгүүдийг нэмж барих зэрэг дорвитой ажлуудыг өрнүүлэхээр зорьж буй юм.

Нүүр ам судлал чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Нүүр ам судлал чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.