Ардын намын залуучуудын байгууллага болох НАМЗХ энэ амралтын өдрүүдэд ээлжит бус их хурлаа хийж байна. Уг хурлын зорилго нь Нийгмийн ардчиллал гэх үгийн Социал демократ болгон өөрчлөх асуудал юм. Бид энэ талаар өмнөх нийтлэлүүдээрээ энэ тухай мэдээлж байсан.
Тэгвэл НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал “ШИНЭ ҮЕ-ШИНЭ СЭРГЭЛТ” хэлэлцүүлгийн үеэр холбооныхоо нэрийг өөрчлөх саналыг гаргаж буйгаа илтгэлдээ дурдлаа. Тэрбээр "Өөрчлөлтийг цаг үе нь өөрсдөө төрүүлдэг. Өөрчлөлт хийх нь ч шинэ үеийн хувиршгүй дуудлага байдаг. Энэхүү ээлжит бус их хуралд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувиар нийгмийн ардчилал буюу олон улсад социал демократ гэх үг хэллэгээр хэрэглэгдэн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёог ашиглах нь холбооны гишүүд залуус бидэнд илүү ойлгомжтой, цар хүрээтэй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэн холбооны нэрийг Социал демократ залуучууд болгож өөрчлөх саналыг дэвшүүлж байна" гэсэн юм.
Уг асуудлыг ээлжит бус их хурлын төлөөлөгчид санал хурааж эцэслэн шийдвэрлэх болно.
Г.Баяр