Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн. Ингэснээр С.Эрдэнийн талын АН хууль ёсных болж буй юм.
Харин нөгөө талд нь Х.Баттулга, Ж.Батсуурь нарын АН-ын гишүүд намын даргын сунгаа зохион байгуулж буй. Тэднийг хууль бус сунгаа зохион байгуулж, иргэдийг төөрөгдүүлж байна гэж С.Эрдэнэ талынхан мэдэгдэж байсан юм. Нэгэнт намын асуудал шийдэгдсэн тул тэдгээр хүмүүст ямар арга хэмжээ авах талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
Тэрбээр "АН өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Хэн нэгэн албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдэхгүй. Үндсэн дүрмийн хороо гэж бие даасан байгууллага бий. Энэ байгууллага өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд шийднэ" гэлээ.